Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр явуулсан ажлын тайланг хэлэлцлээ

Нэмэгдсэн: 2017-12-27

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар, Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын газар болон Дэлхийн банкны MASAM төсөл хамтран 10 аймаг, нийслэлийн 3 дүүргийн ЗДТГ, түүний асуудал хариуцсан хэлтсийн удирдлагуудтай цахим хурал хийж, “Иргэний оролцоо-Нийгмийн эгэх хариуцлага” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын  тайланг хэлэлцлээ.

Швейцарийн хөгжлийн агентлаг Дэлхийн банкнаас хамтран нийт гурван сая ам.долларын санхүүжилтээр "Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийг Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 2016 оноосхэрэгжүүлж байна. 

Монгол Улсын Засгийн газар Монгол улсын Нээлттэй Засгийн түншлэлийн 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний зорилтуудын нэг болох иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд мөн онцгойлон анхаарч  ажиллаж байна.

"Иргэний оролцоо-Нийгмийн эгэх хариуцлага" санаачилгын зорилго нь тухайн орон нутгийн иргэдийн оролцоог удирдах төвшинд хангах, иргэд болоод төрийн бус байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлыгиргэдийн санал, хүсэлтэд үндэслэн, олон талын оролцоотойгоор шийдвэрлэх гарцыг олдог тогтолцоог бий болгож МонголУлсын хэмжээнд хэвшүүлэх юм. Ингэснээр засаг захиргааны нэгж бүрт удирдлага нь иргэдээ сонсдог, иргэд нь орон нутгийнхаа хөгжилд шууд бусаар оролцдог болох явдал.

Энэ онд Дархан-Уул, Булган аймгууд иргэдийнхээ дунд тандалт хийж төрийн бус байгууллагуудын тусламжтайгаар хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга явуулсан байна. Тайлангийн хурлаар энэхүү судалгааны дүнгээ танилцууллаа. Аймгийн төв, алслагдсан сум, хөдөө багийн малчид гэх мэт нийгмийн бүх давхаргын төлөөллөө хамруулахыг зорьжээ. Нийт 12 салбарыг хамруулсан 84 үзүүлэлттэй 32 асуулт бүхий судалгаанд аймаг тус бүрт 800 гаруй өрх хамрагдсан байна. Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны хүртээмж чанарт иргэдийн 50 гаруй хувь нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ. Харин уул уурхай, зам тээвэр, хил гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуултуудад ихэвчлэн мэдэхгүй гэсэн хариулт ирүүлжээ.

Иргэдийн зүгээс нийгмийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагааг байнга сурталчлах, үнэн бодит мэдээллээр тогтмол хангаж байх нь чухал гэж судалгааг гүйцэтгэсэн  байгууллагууд зөвлөжээ.

Ийм төрлийн судалгааны үр дүнг цаашдын төлөвлөлтөд тусгах нь чухал юм. Булган аймгийн ЗДТГ-аас иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн ирэх оны ажлын төлөвлөгөөндөө 8 асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Төрийн байгууллагуудын мэдээлэл