Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна

Нэмэгдсэн: 2017-12-19

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.12.19/  Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ.

Нийслэлийн гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байна. Тэдгээрээс 20 мянга орчим нь цахилгаан халаагуур хэрэглэж, гэр бүлийнхээ халаалтын асуудлыг шийджээ.

Иргэн Т.Ганбаатарынх тэдгээр айлын нэг. Германд үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг 2 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Нүүрс худалдан авах, гал түлэх  шаардлагагүй болсон. Агаарт хорт утаа дэгдээхээ больсноор ахуйн ариун цэвэр сайжирч мөн хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй болжээ.

Сүүлийн жилүүдэд айлууд халаалтаа цахилгаанаар шийдэх нь нэмэгдэж байгааг эрчим хүчний хэрэглээний хэлбэлзэл тод харуулж байна гэж ДЦС-ын удирдлага  ярилаа.

Нийслэлд хамгийн багадаа 18 мянган айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэж үзвэл 50 мянга орчим тонн буюу  30 мянган портер нүүрсийг шатаахаа больсон байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдаас эхний ээлжинд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, бага оврын уурын зуухнуудыг буулгах зорилтыг тавьж, чиглэл чиглэлээр ажил эхлүүлээд байгаа билээ. Нийт 3100 орчим бичил уурын зуух ажилладгаас  113 уурын зуухыг буулгана.  Ингэснээр 59 мянган тонн буюу 40 гаруй мянган портер нүүрс шатахгүй, хорт утаа болохгүй гэсэн үг юм.

Сонгинохайрхан дүүрэгт 15 уурын зуух буулгаж, халаалт авдаг аж ахуй нэгж, байгууллага орон сууцнуудыг төвлөрсөн дулаанд холбоно. Тус дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох барилга угсралтын ажил нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Эдгээр уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор нүүрсний хэрэглээ нь мөн л 10 мян/тн-оор буурч агаар мандалд хаягдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээг 13,7 мян/тн бууруулж чадна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа аж.

Ерөнхий сайдыг ОБЕГ-ын аврах тусгай ангид ажиллах үеэр аж ахуй нэгж, компаниуд 140,000-2,500,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуурын танилцуулга хийлээ. Утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд гэр хорооллын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэснээр иргэд цахилгаан халаагуурыг түгээмэл  хэрэглэдэг болсон гэлээ.


Эдгээр ажлын явцтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гэр байшингаа сайтар дулаалж, дулаан алдагдлаа бууруулах,  нүүрсний хэрэглээгээ багасгах, болж өгвөл цахилгаан халаагуур авч хэрэглэх гэх мэт арга хэмжээ авахыг ард иргэддээ уриаллаа. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг 220 мянган айл өрх, 3100 уурын зуух бүрдүүлдэг. Одоогоор  20 мянга орчим айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь нүүрсний хэрэглээг 5 хувиар бууруулж байгаа юм. 2019 он гэхэд 113 уурын зуухыг буулгаж төвийн дулаанд холбож дуусахад түүхий нүүрсний хэрэглээ 10 хувиар буурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

Төрийн байгууллагуудын мэдээлэл