Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа

Нэмэгдсэн: 2017-10-30


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ.

Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ.

Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл