Хоёр талын ажлын хэсгийг хуралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Нэмэгдсэн: 2017-10-27

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзах үеэрээ,

-Монгол Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхмуудыг хийх нь чухлыг өндөр, дээд түвшний айлчлалын үеэр ярилцсан. Иймд хоёр талын ажлын хэсгийг ойрын хугацаанд хуралдуулах хүсэлтэй байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 Тус улсын 700 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллыг орон сууцжуулах, боомтын дэд бүтцийг сайжруулахад, мөн ирэх оноос олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглахаар Засгийн газар шийдвэрлэснийг  тэрээр дурдлаа.

Монгол Улсын гадаад бодлого тогтвортой, залгамжтай үргэлжилнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэлээд Монголын тал “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам” бодлогыг уялдуулах явцад үүсэн гарах хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

-Хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр дээд түвшний болон Засгийн газрын гишүүдийн харилцан айлчлал чухал. Ийм айлчлалыг зохион байгуулахад бэлэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, мөн Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхийг зорьж байна гэж Элчин сайд Шин Хаймин уулзалтын үеэр хэллээ.

Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Хүмүүнлэгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл