“Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Олон
улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын
байгууллага (ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын
гишүүн байгууллагууд тэмдэглэдэг. Дэлхий дахины мянга мянган экспертүүд
хамтран ажиллаж, техникийн хэлцлийн баримт бичгийг боловсруулж, сонгон
хэрэглэх олон улсын стандартыг батлан гаргах ажилд оруулж буй хүчин
чармайлтыг үнэлэн, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Эдийн засагт
ялангуяа олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн
хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг роль үзүүлж байгааг
онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах,
улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын
байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан энэхүү “Дэлхийн
стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй.
2017 оны Дэлхийн Стандартын өдрийг “СТАНДАРТ НЬ ХОТЫГ ИЛҮҮ УХААЛАГ БОЛГОНО”
уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Стандарт,
хэмжил зүйн газар нь Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал
жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргатай хамтран амжилттай зохион
байгууллаа.
Энэхүү семинарын арга хэмжээнд:
- Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно (Ухаалаг хотыг бий болгоход стандартчилал, тохирлын үнэлгээгээр хэрхэн дэмжлэг үзүүлэх) Ухаалаг тогтвортой хот байгуулахад дэмжлэг үзүүлэх харилцаа холбооны стандартчиллын судалгаа, цаашдын чиг хандлага
- Хот төлөвлөлт
- Ногоон хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга
- Хэмжил зүйн салбарт ухаалаг системийг нэвтрүүлэх нь зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм.
Ухаалаг хот”-ыг байгуулах нь мэдээж ихээхэн ярвигтай хэцүү ажил бөгөөд хотыг хөгжүүлэхэд хот бүр янз бүрийн өөрийн гэсэн бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх асуудалтай тулгарна.
Гэсэн хэдий ч энэхүү бэрхшээлийг арилган шийдвэрлэх хялбаршуулсан нийтлэг нэг арга хэрэгсэл байх бөгөөд энэ нь стандартчилал гэж олон нийтээрээ хүлээн зөвшөөрч энэхүү “Дэлхийн стандартын өдөр”-ийг дээрх уриатайгаар тэмдэглэж байна.
Эрчим хүчний хангамж, нийтийн тээвэр, бүх нийтийн боловсрол, эрүүлийг хамгаалах үйлчилгээ, хотын ногоон хөгжил, мэдээллийн технологи, нийтийн аж ахуй зэрэг салбарт дэлхийн тэргүүлэх инноваци, туршлагыг нэвтрүүлсэнээр дээд зэргийн аюулгүй байдлыг хангасан, үйлчилгээ бүхий хотыг бий болгох нөхцөл хангагдах нь дамжиггүй.
“Ухаалаг хот” хэмээх стандартчиллын гол давуу тал нь хотын бүхий л үйл явцыг бүхэлд нь зарчмын шинэ боломж бүхий нэгдсэн “оюунлаг орон зай” болгон хувиргах явдал юм.