Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2017-10-04

Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, "Монгол Улс – ЕАЭЗХ. Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв" сэдвийн дор 2 салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагуудын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

Энэхүү хамтран ажиллах төлөвлөгөөнд тээвэр логистик, гаалын үйлчилгээг хөнгөвчлөх, харилцан мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажиллах зэрэг цогц ажлууд төлөвлөгдсөн талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хэллээ. Тэрбээр “Энэхүү төлөвлөгөөг баталгаажуулснаар манай орны дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа давуу талыг Европын орнуудын хамтын ажиллагаатай уялдуулах, Европ-Азийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тиймээс Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Евразийн эдийн засгийн холбоо” гэх мэт санаачилгууд хоорондын уялдаа холбоог сайжирхаас гадна Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай зам, тээврийн салбарт хамтран ажиллах нөхцөл бий болох ач холбогдолтой” хэмээн онцлов.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл