МЬЯНМАР УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

Нэмэгдсэн: 2017-09-29

МЬЯНМАР УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Тэрээр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Тээвэр, холбооны сайд Тант Синь Маунгтай уулзаж, Монгол Улс, Мьянмарын холбооны Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Тус хэлэлцээр нь 2013 онд байгуулсан дипломат болон албан паспорт эзэмшигчийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр болон 2015 онд байгуулсан Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дараа байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын 3 дахь хэлэлцээр юм. Энэхүү Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хоорондын улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, тээврийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд шинэ хуудас нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Д.Ганбат илэрхийллээ.

Хэдийгээр хоёр улс алс хол оршдог боловч Агаарын харилцааны эрхзүйн үндсийг тавьснаар цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэнэ гэдэгт талууд харилцан санал нэгдэн, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл