Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо /ABU/-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нэмэгдсэн: 2017-09-27

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Мотажи, ХБНГУ-ын Дойче Велле телевизийн Гадаад харилцааны захирал Клаус Фридрих Херберт Бергмен, төлөөлөгч Йан Хэддоу нарыг хүлээн авч уулзлаа.

“Олон улсын телевизийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын хурлын эдгээр төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, хурлын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Дэлхий нийтийг мэдээ мэдээллээр хангах маш чухал үүргийг та бүхэн гүйцэтгэж байна. Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо нь МҮОНРТ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон чиглэлээр хамтарч ажиллан дэлхийн хэмжээний томоохон тэмцээн, өвөл зуны олимпыг монголчуудад шууд дамжуулан үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэхүү харилцаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо, Дойче Велле телевизийн төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатад хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд МҮОНРТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Улмаар хувийн хэвшлийн телевизийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй. Мөн 2018 оны Азийн дэлхийн аваргын тэмцээн, 2020 оны Токиогийн өвлийн олимпийг монголын үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэхийн төлөө ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл