Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ

Нэмэгдсэн: 2017-09-22

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Төсвийн тодотголын төслийг хэлэлцэв

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Мөн ирэх оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг ашиглан зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд 15 минут зарцуулж, энэ хэрээр замын түгжрэл багасна гэсэн судалгаа гарсан байна.

”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 70 дугаар тогтоол, УИХ-ын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” 71 дүгээр тогтоолд Богд хан төмөр замын төслийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг нь эхлүүлэх тухай заасан юм.

Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг батлав

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.

Бодлогод шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны болон материаллаг нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилт дэвшүүлсэн байна. Мөн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

Бодлогыг 2017-2020 он, 2021-2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний шатанд энэ салбарын бодлого, хууль эрхзүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дэд бүтцийг нь сайжруулан, санхүүжилтийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны паркийн дэд бүтэц байгуулж эхэлнэ.

Хоёрдахь шатанд Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтот түвшинд хүргэж, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл