Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулалтыг эх орондоо тогтоож, үр дүнтэй ашиглах нь чухал байна

Нэмэгдсэн: 2017-09-04

“Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн зөв, тууштай бодлогын дүнд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг дагасан орлого өсч, аж ахуйн нэгжүүд ч ашигтай ажиллаж эхэллээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 230 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдсэн. Цаашид хөрөнгө оруулалтыг эх орондоо тогтоон үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь чухал” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Тэрээр үнэт цаасны “Frontier” компанитай хамтран зохион байгуулж буй “Invest Mongolia-2017” чуулга уулзалтад оролцон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хийж байгаа ажлын талаархи илтгэлдээ ийнхүү тодотгов.

Илтгэлээс үзвэл өнгөрсөн дөрвөн жилд гадаадын олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт Монгол Улсаас гарсан байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна манай улсын хууль, эрх зүйн зохицуулалт, төрөөс баримтлах бодлого тогтвортой бус байсантай холбоотой гэж хэлж болох юм.

Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, ОУВС зэрэг түнш байгууллага, орнуудтай хамтран ажиллаж байгаагийн дүнд дөрвөн жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналтыг зогсоож 5.3 хувийн өсөлттэй болгоод байна. Эдийн засгийн өсөлт дан ганц нүүрсний үнэ өссөнтэй бус, харин бусад салбар жигд өссөнтэй холбоотой болох нь Монголбанк, Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харагдаж байгааг сайд Ж.Мөнхбат тэмдэглэлээ.

2016 онд UNCTAD болон Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд төрийн байгууллагуудын гомдол шийдвэрлэлт, хэрэгжилтийн байдлын талаар судалгаа хийхэд  “Маш тааруу” үнэлгээ өгчээ. Үүний улмаас 1.9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогдсон байна. Энэ нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг нь зохицуулах үр дүнтэй арга, механизм байхгүйтэй шууд холбоотой байжээ.

Иймээс Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гаргасан гомдлыг нь шуурхай шийдвэрлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд холбогдох журмын төслүүдийг боловсруулж, хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах, хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох, гадаадын иргэдэд тавьсан хилийн хоригийг цуцлах, зөвшөөрөл, лиценз олгох шат дамжлагыг цөөрүүлж хялбарчлах, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, төрийн байгууллага, албан хаагч нар хөрөнгө оруулагчдад хүнд суртал гаргаж, дарамт шахалт үзүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээ авч байна.

Монгол Улсын Засгийн газраас энэ мэтээр хөрөнгө оруулагчийн хууль, эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулалтыг дэмжих механизм бүрдүүлэн ажиллаж байгааг Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпораци сайшааж “Дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэл форум”-ын үүсгэн байгуулагч орон болж ажиллахыг уриалжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл