Ж.Мөнхбат: Бизнесийн идэвхжил нэмэгдсэн, компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн

Нэмэгдсэн: 2017-08-22

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих,  бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд болон Элчин сайд нар, яамдын төлөөлөл, худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл, бизнес эрхлэгч нар оролцлоо.

ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газар эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсээр байна. 2012-2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь огцом өсөж, хөрөнгө оруулалт эрс багасаж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр хурдтай унаж, зээлжих зэрэглэл буурснаар макро эдийн засагт тогтворгүй байдал үүссэн юм. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоох, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, алдагдлыг бууруулах, өрийн дарамтаас гарахын тулд бид “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн ОУВС, бусад түншүүдтэйгээ хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газар, Монголбанкны зүгээс макро эдийн засгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 4 жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ оны 8 сарын байдлаар 18 хувиар буюу  227 нэмэгдсэн байна. Эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсч, олон тооны аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргаж буй шийдвэр, Засгийн газраас явуулж үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг сэргээх, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих чухал арга хэрэгсэл болохын хувьд цаашид журмын төслөө илүү амьдралд нийцүүлж, сайжруулахын тулд хөрөнгө оруулагчид болон худалдаа, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.  Мөн гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.

Цаашид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, төсвийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.

Элчин сайдын яамд болон хөрөнгө оруулагчдыг төлөөлж Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Жон Лангтри “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байгаа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд, засаглалын тогтвортой байдал нь урт удаан хугацаанд хамтран ажиллах таатай орчин бүрдүүлж байдаг” гэдгийг онцолсон юм. Мөн Их Британи улсаас Монгол Улсад суугаа хатагтай Катрин Арнолд “ Хөрөнгө оруулагчдыг дэмжих бодит ажлыг санаачлан зохион байгуулж байгаад таатай байгаа”-гаа илэрхийлсэн юм.

Энэ ажлын хүрээнд АНУ ,БНХАУ-ын Элчийн сайдын яамдуудтай хамтран хөрөнгө оруулагчид, худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар эхний ээлжинд төлөвлөж байна. Австралийн талаас мөн адил уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэл форум”-ыг Монгол Улс үүсгэн байгуулагч гишүүн орон болж, хамтран ажиллахыг Дэлхийн банк групп, Олон Улсын Санхүүгийн корпорациас уриалсан. Уг саналыг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн авч хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орж байгаад амжилт хүссэн” юм.

Монгол Улсын Засгийн газраас Фронтер Инвест олон улсын байгууллагатай хамтран ирэх сарын 4,5 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Инвест Монголиа хөрөнгө оруулалтын Форумыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл