Нүүрсний тээвэрлэлтийн тухай хэлэлцэж, Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болов

Нэмэгдсэн: 2017-08-17


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2017-08-17-нд/ болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа.

Нүүрсний тээвэрлэлтийн тухай хэлэлцэж, Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болов

Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд  нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрвээ төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно гэвэл үлдэж буй хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгүүлэх шаардлагатай. Гэвч сүүлийн үед нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дараахь шийдвэрийг гаргалаа. Үүнд:

-Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гарч буй зөрчлийг бууруулах үүднээс орчин үеийн рентген аппаратаар тоноглохыг Сангийн сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт, 

-Нүүрсний экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай  ярилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн  сайд нарт,

-Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.

Хөшигийн хөндийн нисэх буудал ажиллаж эхлэхэд 35 сая ам.доллар шаардлагатай

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, бэлэн байдлыг хангах тест хийх, зарим тоног төхөөрөмж, машин механизмыг худалдаж авахад нийт 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийжээ. Тус буудлыг ашиглалтад оруулахад удааширч байгаа зарим ажлыг шуурхайлах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагууд энэ сарын 8-ны өдөр газар дээр нь ажилласан тухайгаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хуралдаанаас Олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын Монголын талын эзэмших хувьд ногдох санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт суулгах талаар судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.  

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахад дараахь арга хэмжээг авна

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахилгаан халаах, нийслэлд одоо ажиллаж буй халаалтын 71 зуухыг буулгаж хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоход шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгалаа.

20 мянган айл өрхийг 4,0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийсэн байна. Үүнд агаарын чанарын нэгдүгээр бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрх хамрагдана.

Нийслэлд одоо ажиллаж буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор зураг төслийг хийгээд байна.

Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг шинээр барьж суурилуулах ажлыг 11,74 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Уг төслөөр нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбожээ.

Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн өнөөдрийн байдал, авах арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Үүнтэй холбоотойгоор хуралдаанаас дараах үүрэг даалгаврыг өглөө.

·  Цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан барилга, танхимтай, орчин, хүний нөөц бүрдүүлэлтийг хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхлэх боломжтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судалж, сургалт эрхлэх зөвшөөрлийг шуурхай олгох,

·  Яам, үйлдвэр, албан газар, аймаг орон нутагт тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулах чиглэлээр өмчийн хэлбэр үл харгалзан иргэн, хуулийн этгээдийн санаачилгыг хууль, тогтоомжийн хүрээнд бүхий л талаар дэмжих,

·  Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах, харьяалах нутаг, дэвсгэрийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн барилга, засварын ажил, хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг улсын төсвийн төсөлд тусгуулах, гадаадын зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авахыг БСШУС-ын сайдад даалгалаа. Мөн иргэн, хуулийн этгээдээс цэцэрлэгийн зориулалттай баригдсан барилгыг хууль, тогтоомжийн хүрээнд худалдан авах судалгаа хийж, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Байгууллагын дэргэд цэцэрлэг, цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах ажлыг өргөжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дулааны III ба IV станц, Гэрлэх ёслолын ордон зэрэг байгууллага өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар засвар, тохижилтын ажил хийж байна. Эдгээрт нийт 225 хүүхэд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэг байгуулах асуудлаар яамдаас санал авахад таван  яам цэцэрлэг байгуулах боломжтой гэсэн бөгөөд шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгах юм байна.

Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хуулийн этгээдийн  ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална

Гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангуулах, эвдэрсэн газрын тооллого хийх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Архангай аймгийн Цэнхэр, Булган аймгийн Бүрэгхангай, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон ойн сан болон усан сан бүхий газарт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийг албадан нүүлгэх арга хэмжээ авахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлон байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Рич Мөнх” ХХК-тай холбоотой зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Сургалт судалгаа мэдээллийн төв”, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулахаар боллоо.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай бүтэц, орон тоог бий болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн “Өнөр бүл хүүхдийн төв”-ийг өөрчлөн зохион байгуулж, ийм төвүүд байгуулан, бүтэц орон тоонд зохицуулалт хийхээр болжээ. 

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагад хариу үйлчилгээ үзүүлэх шаардлага зайлшгүй байгаа тул Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг энэ оны эхний сараас өнөөдрийг хүртэл туршилтаар ажиллуулж байна. Энэ хугацаанд 153 хүүхэд нэг хоногоос гурван сар хүртэл хугацаагаар байрлаж хамгааллын үйлчилгээ авсан байна.

Иймд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн дэргэд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байрыг ажиллуулах зайлшгүй хэрэгцээ байна гэж үзжээ.

Эдгээр төвийг байгуулахад улсын төсөвт дарамт учрахгүй бөгөөд төсөв хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлэгдэж байгаа юм.

Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулна

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Европын холбоо нь өөрийн бүрэн эрхт, дипломат статустай Төлөөлөгчийн газраа Монголд байгуулах шийдвэрээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан байна. Ингэснээр Европын холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

Европын холбоо нь Төлөөлөгчийн газрын тэргүүнээ энэ оны есдүгээр сард багтаан томилж, үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд тус Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманы байранд ажиллуулах юм байна. 

Хэрлэн голын урсацад тохируулга хийж болох эсэх ТЭЗҮ боловсруулна

Өмнийн говьд шинээр байгуулах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх” төслийг хэрэгжүүлж болох эсэхэд шаардлагатай Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт, шаардагдах санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа.

“Хэрлэн голын урсацын тохируулга хийх” боломжтой гэсэн дүгнэлт болон холбогдох шийдвэр нь гарснаар  төслийг  хэрэгжүүлж, ус хуримтлуулах байгууламжаар дамжуулан өмнийн говьд шинээр байгуулагдах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, мөн Хэрлэн голын урсац багасах, бүр тасрах эрсдэл гарах үед ус хуримтлуулах байгууламжаас эргүүлэн голын урсацыг тэтгэж, тогтмол хэвийн урсацтай байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл