“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

Нэмэгдсэн: 2017-07-18


Засгийн газрын хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж дараах шийдвэрийг гаргалаа.

“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ.

“Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна.

“Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд 856 хүн ажилладаг. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг юм.

“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн юм байна. Одоогоор суурин утасны зах зээлийн 25, суурин интернетийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл