Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа

Нэмэгдсэн: 2017-07-18

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай оронд айлчилж байгаа Япон Улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараалхлаа. 

Гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын Парламентын танхимын удирдлага харилцан айлчилж байгаа нь харилцааны түүхэнд том үйл явдал, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байна гэв.

Айчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Японы шинэ дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд Япон улсын парламентын зүгээс анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрч, хамтын үнэт зүйлсээр холбогдсон Зүүн хойд Ази дахь Стратегийн дотно түнш болсон гээд Монгол Улсын хамрагдсан ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Япон Улс оролцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч байна. Цаашид давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн  нүүрс-химийн цогцолбор байгуулах асуудлыг ажил хэрэг болгохоор Японы судалгааны баг Монголд ирж ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улс олон улсын талбарт Япон Улсыг тогтмол дэмжиж ирсэн гэдгийг тэрээр тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Япон Улс байнгын гишүүн болох ёстой гэсэн зарчмын байр сууриа дахин нотлов.

Япон, Монголын хоооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд УИХ-ын даргын урилгаар айлчилж байгаадаа баяртай байгаагаа Япон улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима илэрхийллээ.  

Хоёр орны найрсаг харилцааны үндэс суурь нь эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж, хуваалцдагт оршино. Өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэв. 

Аливаа улсын эдийн засгийн хөгжилд сайн, муу үе ирдэг. Япон Улсын эдийн засаг 1945 онд өндөр өсөлттэй байсан ч удалгүй их хямралд өртсөн. Тэр үед хэд хэдэн удаа татвар  нэмж байж санхүүгийн байдлаа сэргээж байсныг дурдлаа.

НӨАТ-ыг нэмэх шийдвэр гаргасны дараа болсон сонгуульд ард түмэндээ хүндлэгдсэн томоохон улстөрчид ялагдал хүлээж байсан тохиолдол бий. Гэсэн ч үр дүнд нь бид эдийн засгаа сэргээж авсан. Үүний нэгэн адил танай Засгийн газар энэ хүнд үеийг даван туулж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээсэн шигээ бэхжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад түлхүү хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа ноён Т.Оошима илэрхийллээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын бодлогыг тууштай дэмжиж байгаад талархаад БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаахад Монгол Улсын  Засгийн газар  дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Тэрээр мөн 2020 онд Осока хотноо болох олимпод Монголын тамирчдыг идэвхтэй оролцохыг урьж тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, 2025 онд болох дэлхийн экспог “Сайхан нийгмийн төлөө загварыг бий болгох нь” сэдвээр зохион байгуулах эрх авахаар нэрээ дэвшүүлснийг дэмжихийг хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл