Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавихыг анхаарууллаа

Нэмэгдсэн: 2017-06-29

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцов.

Хуралдаанаар баяр наадмын бэлтгэл ажлын  явцын талаар салбар хороодын дарга нарын танилцуулгыг сонсов.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадам зохион байгуулах салбар хорооны дарга нарыг хариуцсан ажлаа сайтар хянах, нягт зохион байгуулах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн энэ жилийн хурдан морины уралдаанд Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавьж ажиллахыг Монголын Уяачдын холбоо, Хурдан морины салбар хороонд анхаарууллаа. Тэрээр “Монгол наадамд, Монгол морьдын уралдаанд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч үлдэх хэрэгтэй. Үүнийг  хатуу сахиарай” гэв.

Наадмын комисс долоодугаар сарын 06-ны өдөр баяр наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл