“Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна

Нэмэгдсэн: 2017-06-22

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт  1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа.

Монгол Улсын Засгийн газар  хүн амын орон сууцны  хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох  1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна.

Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар  найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна.

Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн өдийд ашиглалтад орох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шав тавих ёслолд оролцохдоо хэллээ. 

Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг  өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ бүхэн бол эцсийн буюу төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

“Ногоон нуур” орон сууцны хорооллын барилгын бүтээн байгуулалтад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаргахгүй байж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд 1008 айлын байрны түлхүүр гардуулах ёслол дээр уулзахын ерөөл тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл