Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Нэмэгдсэн: 2017-06-14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв.

Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.  


Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоно

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна.

Энэ чиглэлийн зам нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг юм.

“Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т “Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Тяньжин” чиглэлийн замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглахаар тусгасан.

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ч дээрх заалт байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас олон улсын дамжин өнгөрөх тээврийг эхлүүлэхээр төлөвлөсөн юм. Иймээс энэ замыг 2017-2020 оны хооронд дөрвөн эгнээтэй нэгдүгээр зэргийн автозам болгон шинэчлэхээр тогтлоо.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км их даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.

Энэ чиглэлийн замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагийн улмаас зам эвдэрч, осол, зөрчил ч их гарч байна. Замыг шинэчилснээр тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, тээвэр ашиглалтын зардал багасч, улмаар ажлын байр бий болж, орон нутагт ядуурал буурна гэж тооцооллоо. Замыг 2017-2019 онд шинэчилж дуусах юм.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай зам барихаар тусгасан. Зам баригдсанаар Бичигт-Зүүнхатавч боомтын эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх дэд бүтцийн баталгаа бий болно. Ингэснээр экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж улмаар ачаагаа БНХАУ-ын Тяньжин, Жинжоу, Далиан боомтоор далайгаар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах юм. Замыг 2017-2020 онд тавьж дуусгахаар төлөвлөөд байна.


1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим  хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн даруй авч, гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэхийг сайд Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нарт үүрэг болголоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн ч төсөл хэрэгжүүлэгчийн буруугаас орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн зардлаа авч чадахгүй хохирч байгаа иргэдийг дээрх орон сууцанд түр амьдруулахаар төлөвлөж байна. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ”, “Нийслэлд 1000 айлын түр орон сууц барьж ашиглалтад оруулна” гэж тусгасан юм.


Татвараас чөлөөлөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа

Гаалийн албан татвараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Мөн Засгийн газрын өмнөх тогтоолыг сунгах, үйлдвэр эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагуудаас 623 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэмж хөнгөлөх санал ч иржээ. Иймээс татвараас чөлөөлөх жагсаалтад 27 салбарын 641 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тусгасныг хэлэлцэн баталсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 онд баталж, 2016 оныг дуусах хугацаанд дагаж мөрдсөн юм.

Ингэснээр 2014-2016 онд 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирсэн байна. Засгийн газрын тогтоолын дагуу 13 тэрбум гаруй төгрөгийн гаалийн, 28 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 41 тэрбум орчим төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсан тоо гарчээ. Чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж ч 20-30 хувь өссөн байна.  

Мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах, модон материал, ноос ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016 онд 2014 онтой харьцуулахад 18 хүртэл хувиар нэмэгджээ.

Хөгжлийн бодлогын зээлийн хэлэлцээг үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төсөлтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан зээлийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг сайд Б.Чойжилсүрэнд, бодлогын арга хэмжээний биелэлтийг хангахад анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөгжлийн бодлогын зээл нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамж, банкны салбарын засаглалыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна.

Энэ зээл нь Монгол Улсын Засгийн газар,  ОУВС-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас олгох 850 сая ам.долларын эхний шатных юм.

Японы тал хөнгөлөлттэй зээлээ гурван жилийн хугацаанд тэнцүү хэмжээтэй санхүүжүүлэх бөгөөд энэ онд 283 сая орчим ам.доллар байна. Зээл нь 20 жилийн хугацаатай, үүнээс эхний зургаан жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 0.8 хувийн хүүтэй, урьдчилгаа шимтгэл зээлийн санхүүжилтийн дүнгийн 0.1 хувь байх  юм.

Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно

Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм. Манай улс 2012 онд Бангладеш Улсад болсон Бүсийн их хурлаас 31 дүгээр Жембориг зохион байгуулах эрхээ авсан байна.  

Ирэх сарын 27-ноос наймдугаар сарын хоёрны өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болох Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай 4000 орчим хүүхэд, 1600 орчим насанд хүрэгч, сайн дурынхан оролцох юм.

Жемборийн үеэр үндэсний онцлог, нүүдэлчин соёл, ахуйг харуулсан хөтөлбөр, хүүхэд, залуучуудын адал явдалт уралдаан, тэмцээн, урлаг, соёлын арга хэмжээ болохоос гадна хүүхдүүд харилцан мэдээлэл, туршлагаа солилцож, анд нөхөд болно.

Товч мэдээ

-  БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

-  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

-  Инновацийн үйл ажиллагааг судлах, турших, хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд Засгийн газрын тусгай сангаар дамжуулан гарааны бизнесийг дэмжих талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төсөл санаачилсан байна. Төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл