Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбооны Анхдугаар бизнес форум Улаанбаатар хотноо болно

Нэмэгдсэн: 2017-06-02

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын Зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисянтай уулзлаа.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй 21 дэх удаагийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхий сайд оролцож буйд талархаж байгаагаа ноён Т.С.Саркисян хэллээ. Энэ нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг 2015 онд байгуулснаас хойш хамтарсан ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, “2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан.

Энэ нь худалдаан дахь тарифын болон тарифын бус хориг саадтай шууд холбоотой бөгөөд энэ хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотноо 2017 оны 10 дугаар сард Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны Анхдугаар бизнес форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын  худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдаанд үүсч буй хүндрэл, хориг саадыг бууруулах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах санал дэвшүүлж, хамтарсан судалгааны баг ажиллуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтайгаа зөвлөлдөж, хариу өгнө Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын Зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисян хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл