Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнөөдөр
/2016.05.13/Дархан-Уул аймгийн
хэмжээнд мод тарих аяныг өрнүүлж байна. Мод тарих өдрөөр аймгийн ИТХ, ЗДТГ
болон төрийн байгууллагууд, иргэд нэгдэн агч, голт бор зэрэг 2 төрлийн 1000
модыг тарьж байгаа юм. Эдгээр модыг тарих ажлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй
аймгийн удирдлагууд гар бие оролцон эхлүүлээд байна.
Дээрх модыг Ургамал газар тариалангийнэрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран мэргэжилтнүүдээс зөвлөгөө, туслалцаа авч тарьж байгаагийн зэрэгцээ аймгийн НААҮГ-аас зүлэгжүүлэлт хийж, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллана. Иймд манай иргэд ногоон байгууламжаа эвдэж сүйтгэлгүй, харин ч өөрийн өмч мэт хайрлан хамгаалах нь чухал байна.
Өмнөх жилүүдэд аймгийн хэмжээнд хийгдсэн ногоон байгууламжуудын хороолол доторх мод сайн ургасан бол нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг мал идсэн, хүмүүсийн буруутай үйлдлээс болж хугарч гэмтсэн зэрэг асуудлууд гарсан учраас энэ жил тарьсан мод болон ногоон байгууламжаа дагаад хашаажуулалтын ажлыг хамт хийхээр болсныг иргэдийн зүгээс сайшааж байлаа. Мөн ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайгаар хязгаарлахгүй аймгийн Захирагчийн албанаас Сууц өмчлөгчдийн холбоод, Иргэний нийгмийн байгууллагууд, ахмадуудтай хамтран хороолол дотроо мод тарьж, зүлэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Иргэд ийнхүү гар бие оролцож байгаа учраас илүү үр дүнтэй ажил болно гэсэн хүлээлттэй байна.
Дархан-Уул аймгийн хувьд ногоон байгууламж байгуулах талбай сайтай боловч өвлийн улиралд инженерийн шугам сүлжээний эвдрэлээс болж ногоон байгууламжийг сэндийлэх асуудал тулгардаг тул дулааны шугам сүлжээний шинэчлэл бүрэн хийгдсэн талбайд мод тарихыг чухалчилж байгааг аймгийн Засаг дарга ярьж байв.
2010-2016 оны хооронд Дархан-Уул аймгийн хэмжээнд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийт 40199 мод, бут тарих ажилд 144 аж ахуйн нэгж, байгууллага, 3788 иргэн оролцож уг ажилд 26,5 сая төгрөг зарцуулсан бөгөөд хашаандаа 392 өрх нийт 8010 мод бут тарьж, шинээр 2 төгөл, 2 бичил цэцэрлэгт 6196 мод, бут таригдаж, 981 м.кв цэцгийн мандал, 7353 м.кв зүлэгжүүлэлт хийсэн дүнтэй байна.