Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Энэхүү ялалтын 72 жилийн ойн
баярыг Дарханчууд бид мөн “Дархан 50” цогцолбортоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тус
арга хэмжээг аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 330 дугаар анги хамтран
зохион байгуулсан юм.
Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа. Манай улс Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байдаг.
2 жилийн өмнө буюу Ялалтын 70 жилийн ойн “Цэргийн ёслолын жагсаал”-д анх удаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүн оролцож, Москва хотын Улаан талбайд жагссан бөгөөд Дархан-Уул аймгаас Орон нутгийн хамгаалалт, сургалтын офцер, Ахлах дэслэгч Б.Оргилсайхан оролцсон жагссан юм.
Манай аймагт өнөөдрийн байдлаарЦ.Батсуурь, О.Гээдэн, Ж.Лхагжав, Д.Түндэв, Д.Цэрэндаш, Г.Цэрэнлхам, Б.Шагдар, Д.Шагдар,Б.Ядамсүрэн нарын нийт 9 ахмад дайчин энх тунх амьдарч байна. Эдгээр ахмад дайчдын төлөөлөл болох Д.Цэрэндаш гуай өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, Ялалтын баярыг нийт Дарханчууддаа дэвшүүлэхээс гадна дайны хор уршиг, гашуун түүхийг хойч үедээ таниулах нь чухал хэмээв.
Энэ өдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас “Зэвсэг техникийн үзэсгэлэн”-г гаргаж иргэдэд танилцууллаа. Тус үзэсгэлэнд 9мм-н пн гар буу, 7.62 мм-н автомат, мэргэн буудагчийн винтов зэрэг зэвсэглэл дэлгэгджээ. Мөн Залуучууд театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Ийнхүү энэ удаагийн Ялалтын өдрийг Дарханчууд бид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Дайны жилүүдэд манай улс ЗХУ-д туслаж байсан түүхээс эргэн сөхвөл, 1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй. Мөн 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ.
М.ГҮНЖИЛХАМ