Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC), ХБНГУ-ын физик техникийн хүрээлэн (PTB)-ээс хамтран зохион байгуулсан “Менежментийн тогтолцооны баталгаажуулалт явуулдаг байгууллагад тавих шаардлага” ISO/IEС 17021-1:2015 стандартын дагуу үнэлгээний тэргүүлэх мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын Даргын 2017 оны 4-р сарын 17-ны өдрийн А/111 тоот тушаалын дагуу Дэд дарга Б.Билгүүн, Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн А.Нэргүйсайхан нар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг хотод 2017 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт 15 орны 30-аад төлөөлөгчид оролцсон бөгөөд олон улсын итгэмжлэлийн байгууллагууд ISO/IEС 17021-1:2015 стандартын дагуу хэрхэн үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг тухай харилцан ажлын туршлага, мэдлэгээ солилцож халуун яриа өрнөсөн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Уулзалт ярилцлагын үеэр Япон улсын итгэмжлэлийн байгууллага (JAB)-ын ахлах менежер Azusa Nakagawa, Энэтхэг улсын итгэмжлэлийн байгууллага (NABL)-ын гүйцэтгэх захирал (СЕО) Аnil Jauhri нар арга зүйн заавар өгч, ISO/IEС 17021-1:2015 стандартад заасан шаардлага, шалгуурын талаарх учир шалтгааныг тайлбарлан, ач холбогдлын талаар тодорхой мэдлэг мэдээллийг олгосон бөгөөд үндэсний хэмжээнд тохирлын үнэлгээний байгууллагуудыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ярилцлага болсон юм.