“Авьяаслаг залуу эрдэмтэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нэмэгдсэн: 2017-05-02

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Шинжлэх ухааны академийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чуньли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд энэ удаагийн айлчлал хоёр улсын шинжлэх ухааны байгууллага хооронд төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Мөн тэрээр “БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ. 

Хоёр тал Монголын залуу эрдэмтэн судлаачдыг Хятад улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад зургадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг залуу эрдэмтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрч чадсан. Мөн хоёр тал шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг дэмжих байгаагаа хэллээ. БНХАУ-ын ШУА-ийн хүрээлэнгийн зүгээс Дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байгаа цөлжилт, цэвдгийн асуудлаар болон нүүрс, нүүрснээс шингэн түлш, нүүрсний хий боловсруулах хамтарсан судалгаа хийх асуудлаар ярилцаж байгаа гэв.

Монгол Улсын хувьд нэн чухал хэрэгцээтэй байгаа, эдийн засгийн гол хөшүүрэг болохуйц нүүрс, нүүрснээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах ажлыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэнгийн захирлууд байгаа нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл