ЗӨВЛӨМЖ
Гаалийн бүрдүүлэлтэд “Хүнсний тухай хууль” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал
2013 оны 03 дугаар сарын 01 өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хүнсний тухай хууль” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс дараахь зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
1. Хүнсний бараа бүтээгдэхүүний импортийн бүрдүүлэлтийн үед гаалийн улсын байцаагч нар мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалтаа хийсний дараа л гаалийн хяналт, бүрдүүлэлтийн ажлаа эхлэх зарчмыг тууштай баримтлах шаардлагатай.
2. Дээрх хуулиуд нь зөвхөн 2012 оны 12 сарын 20-ны өдөр буюу хууль батлагдсан өдрөөс хойш ачигдсан хүнсний бүтээгдэхүүнд хамааралтай болохыг онцлон анхааруулж байна. Хуулийг буцааж хэрэглэдэггүй зарчмаар 2012 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө ачигдсан хүнсний бүтээгдэхүүнд энэ хууль хамаарахгүй. 2012 оны 12 сарын 20-ноос өмнө гэрээ байгуулсан боловч 20-ноос хойш ачигдсан бараа нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3.4-т заасан ...хувийн хэрэгцээндээ зориулан бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан хүнс... гэдэг заалтыг гаалийн хяналт бүрдүүлэлтэд хэрэглэхдээ зөвхөн зорчигчийн хувийн хэрэглээний хүнсний зүйл гэдэг утгаар ойлгох ёстой гэдгийг ҮХАА Яамны холбогдох алба хэлтэстэй ойлголцсон болно. Гэвч энэ асуудлыг дахин нягталж, хууль тогтоогчтой зөвлөлдөн илүү тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж байгаа болно6
4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.1-д заасан “савласан ус” гэдэг нь үгийнхээ шууд утгаар Хүнсний тухай хуульд заасан “ундны ус” гэдгээс өөр ойлголт байна. Тиймээс савласан ус нь стратегийн бүтээгдэхүүнд ордог “ундны ус” гэдэг ойлголтонд хамаарахгүй болно.
5. Хүнсний тухай хуулийн 3.1.1-д заасан хүнсийг л аж ахуйн нэгж импортоор оруулахыг заасан байна. Өөрөөр хэлбэл Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.1-д заасан “хүнсний бүтээгдэхүүн” гэсэн томъёололд, дээрх 3.1.1-д заасан дээр нэмэгдэж орсон савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлт нь үгийнхээ шууд утгаар хамаарахгүй. Өөрөөр хэлбэл савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг заавал аж ахуйн нэгж гэхгүй, иргэн ч оруулж болохоор хуульчилсан байгааг анхаарах хэрэгтэй.
6. Гадаад худалдааны гэрээний хувьд анхаарах зүйл бол зөвхөн Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээ юм. Тиймээс иргэний нэр дээр байгуулсан гэрээ нь хуульд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан иргэн нь аж ахуйн нэгжийг төлөөлөх эрхтэй этгээд /аж ахуйн нэгжийн захирал, дэд захирал, менежер болон тухайн улсад аж ахуйн нэгжийг төлөөлөн суугаа суурин төлөөлөгч гэх мэт/ байсан ч түүнийг аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээ гэж үзэхгүй.
7. Хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулахад зөвхөн хүчин төгөлдөр гэрээг үндэслэл болгоно. Энд инвойс хамаарахгүй, инвойсыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийхгүй.
8. Аливаа маргаантай асуудлыг шийдэхдээ хуулийн үндсэн зарчмуудыг чанд баримтлах хэрэгтэй. Үүнд, ялангуяа:
a. Хуулийн заалтыг зөвхөн үгийнх нь шууд утгаар ойлгож, хэрэглэнэ. Тэр заалтыг илэрхийлсэн үгийн цаана ямар агуулга байгааг тайлбарлах нь зөвхөн эрх бүхий байгууллагуудын үүрэг байдаг. Ийм тайлбар байхгүй тохиолдолд шууд утгыг л баримталдаг зарчимтай. Ялангуяа утга ойролцоо үгүүдийг ялгаж хэрэглэхэд үүнийг чанд мөрдөх шаардлагатай. Жишээ нь “хүнс”, “хүнсний бүтээгдэхүүн” гэсэн хоёр үг хоёр өөр зүйлийг илэрхийлж байгаа учраас хуульд ялгаж оруулсан байна. “Ундны ус” болон “савласан ус” гэсэн ойлголтууд ч мөн ялгаагүй.
b. Хэрэв хуулийн үг үсэг дотор үнэхээр ойлгогдохгүй, эргэлзээтэй, салаа утгатай, шууд тайлбарлах боломжгүй зүйл гарвал үүнийг үйлчлүүлэгчид ашигтай хувилбараар тайлбарлаж хэрэглэж байх нь зөв.
Жич : Гаалийн газар хороо боомтын удирдлага, ахлах байцаагч нар нь асуудалд хариуцлагатай хандаж, энэхүү зөвлөмжийн дагуу тухайн боомтдоо ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байцаагч нартай нэгдсэн ойлголтонд хүрэхэд чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй.