У.Хүрэлсүх: Иргэний төлөө ажиллах нь төрийн байгууллагуудын үүрэг

Нэмэгдсэн: 2017-04-14

Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор өнөөдөр  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болов. Хурлаар тус хөтөлбөрийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж баталлаа.

Засгийн газраас 2016-2020 оны хооронд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг  баталсан. Шадар сайдын зүгээс уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамаарах байгууллагуудад тодорхой асуудлаар чиглэл өгөн ажиллах юм.

Тэрээр өнөөдрийн хурлын үеэр “Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил нь холбогдох сайд, хариуцлагатай албан тушаалтнуудын үндсэн үүрэг байдаг. Энэ үүднээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажилд холбогдох бүх төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах зайлшгүй шаардлага тавигдаж байна” хэмээн онцолсон юм.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий зөвлөл нь бүх яамдын ТНБД нараас бүрдэж байгаа  бөгөөд тус хөтөлбөрийг хэрэгжиж дуустал 2020 онд хүртэл ажиллах юм. Зөвлөлийн анхдугаар  хуралдааны төгсгөлд тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгч, “Төр, засгийн байгууллагууд иргэний төлөө ажиллах ёстой. Тиймээс харилцаа, холбоогоо  сайжруулан, чиг үүргийнхээ дагуу иргэдийнхээ төлөө зарчимтай, эрх ашгийг нь хамгаалж ажиллах хэрэгтэй” хэмээн тодотголоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл