УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр
/2017.03.24/ Дархан сумын 15 дугаар
багийн иргэдтэй Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ын
хурлын танхимд уулзаж, тэдний санал хүсэлтийг
сонслоо.
Тус баг нь өнөөдрийн байдлаар 8300 орчим хүн амтай юм. Эдгээр иргэдийн төлөөллүүд энэ үеэр багийн гудамж доторх зам талбай, гэрэлтүүлгийн асуудлыг эн тэргүүнд анхаарахаас гадна багийн төвийн байрыг барих, Дархан-Уул аймгийг хотын статустай болгох талаар өөрсдийн санал бодлоо хэлж байлаа. Мөн өнгөрсөн зун тавигдсан инженерийн шугам сүлжээнд айл өрхүүд хэзээнээс холбогдох, шөнийн цахилгааны тарифыг хямдруулах зэрэг асуудлыг хөндөж байсан юм. Түүнээс гадна золибон ноход эрс нэмэгдэж, орой үдэш явган хүн рүү дайрах тохиолдол гарч байгаа тул ойрын хугацаанд нохой устгах ажлыг хийхийг холбогдох албаныханаас хүсч байв.
Уулзалтанд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, 15 дугаар багийн ИТХ-ын төлөөлөгчид, хэлтэс агентлагийн удирдлагууд болон тус багийн Засаг дарга оролцож иргэдийн асуултанд холбогдох хариултыг өгсөн юм.
Дархан сумын 15 дугаар багийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь Өрхийн эмнэлэгийн асуудал байдаг. Учир нь багийн иргэд “Мэдс тоб” ӨЭМТ-өөр үйлчлүүлдэг бөгөөд тус эмнэлэг нь 11, 12, 15 дугаар багийн нийт 14 мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг ажээ. Тиймээс 15 дугаар багийн нутагт орших дээрх ӨЭМТ-ийн салбар эмнэлгийг бие даасан тусдаа Өрхийн эрүүл мэндийн төв болгож өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат нарт болон ЭМГ-ийн удирдлагуудад тавьсаар иржээ. Иймд энэ ондоо багтаж бие даасан ӨЭМТ-тэй болгохоор холбогдох албаныхан хамтран ажиллаж байгаа тухай аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ:- “Ирэх жилүүдэд сонгогдсон тойрогтоо төдийгүй аймгийн хэмжээнд дэд бүтэц, боловсролын чиглэлд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөснөөс гадна иргэдтэй уулзах үеэр хэлэлцэгдсэн асуудлуудыг холбогдох албадад уламжлан шийдвэрлэнэ” гэлээ.
М.ГҮНЖИЛХАМ