Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталлаа

Нэмэгдсэн: 2017-03-07

Засгийн газар 2017.03.07-ны өдөр хуралдан доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.

Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.

Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ.

Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх,  бодисын хор хөнөөлөөс хүн амыг хамгаалах зорилгоор хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл,тусламжид хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.


Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөртэй боллоо

Жил бүрийн 03 дугаар сарын дөрөвдэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ өдөр урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг орон даяар хийх юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 гаруй хувь нь газар хөдлөлтийн 7-8 ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 20 орчим хувь нь хамрагддаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт байна.

2016 онд улсын хэмжээнд 28 мянга орчим чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчмын Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газарт газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй хэвээр байна. 2000 онд Улаанбаатар хот орчимд жилд 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа бүртгэгджээ. 

Идэвхжил бүхий газарт 6.6-7.6 магниутдын хүчтэй газар хөдөлвөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувьд эвдрэл гэмтэл, нуралт болж, 30-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах, гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг ул болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна.

2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.

Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй,  25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

Товч мэдээ

-  Татварын алба, Гаалийн ерөнхий газар, Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсвийг хавсралтаар баталлаа.

-  “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл” хэмээн өөрчиллөө.

-  Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2016 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөтэй, шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. 2016 оны хагас жилийн байдлаар тасарсан болон хэрэгжилт удааширч байгаа үүрэг, даалгаврыг биелүүлэхэд онцгой анхаарахыг даалгалаа. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл