“ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” ДЭЛГҮҮРЭЭ ДЭМЖЭЭРЭЙ

Нэмэгдсэн: 2017-02-09

“Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ үйлдвэрлэгчдээ дэмжих тэдгээрт тулгамдсан асуудлыг шат дараалан шийдвэрлэх замаар  үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлж өрх бүрийг үйлдвэрлэгч болгон, иргэн бүрийг ажилтай орлоготой болгох зорилгын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээний өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  үйлдвэрлэлээс гарсан хүнс болон бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлэн борлуулах зорилготой “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” дэлгүүрийг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгээр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн байранд хүнсний болон барааны гэсэн хоёр хэсэг заал тохижуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.

Иргэн бүр өөрт байгаа чадвараа бүтээл болгон үйлдвэрлэлд нэвтүүлж ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд борлуулалт хийлгэн хямд үнэтэйгээр хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэж байгаагаараа онцлог давуу талтай. Энэ нь хэрэглэгчдийн талаас үндэсний үйлдвэрлэлийн бараа үнэтэй байдгаас хэрэглэх боломжгүй гэгдэх сэтгэхүйг өөрчилж хямд үнэтэй, өргөн сонголттой, чанартай бүтээгдэхүүнийг манай дэлгүүрээс худалдан авах боломжийг хэрэглэгчдэд нээж үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа юм. 

Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.ГАНБОЛД:-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх нь үндэсний үйлдвэрлээ дэмжих бодлогын нэг чиглэл гэж орон нутгийн удирдлагууд үзэж байгаа. Одоогоор “Дарханд үйлдвэрлэв дэлгүүрт 40 гаруй аж ахуй нэгжийн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ энэ дэлгүүрт авчиран гэрээ байгуулж сүлжээ дэлгүүрээр борлуулах боломжтой болсонд талархалтай байна. Энэ ньДарханы үйлдвэрлэлийн брэнд болон нэрийн бүтээгдэхүүнийг таниулах ажлын эхлэл болж чаджээ. Орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг нийт Дарханчууд, аж ахуйн нэгжүүдэд уриалмаар байна.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд:- Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Аж ахуй эрхлэлт, бичил бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд “Дарханд үйлдвэрлэв” жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах төв дэлгүүрийг нээхэд туслалцаа үзүүллээ. Энэ дэлгүүр нээгдснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг нь хөгжүүлэх, тэднийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Дарханыхаа иргэдэд үйлдвэрийнх нь үнээр борлуулах боломжийг нээж өгч байгаа юм. Цаашдаа бид хүсний чиглэлийн дэлгүүрийг нээж, малчдын сүү, ногоо, төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан борлуулах боломжийг бүрдүүлнэ. Хамгийн голнь үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ чанар, стандартын өндөр түвшинд нийлүүлэх нь чухал байна.

Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн, “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийн захирал Г.БҮРЭНБАТ: - Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол мөнгийг дотоодын зах зээлд эргэлдүүлэх нь нэгд Монгол мөнгөний үнэ цэнэ өсч валютын ханш буурч үйлдвэрлэлийн салбар хөгжин иргэд ажилтай, орлоготой болж хэрэглэгчид хямд үнэтэй, чанартай бараа хэрэглэж эдийн засгийн хэмнэлт хийхээс гадна эрүүл мэнддээ давхар хөрөнгө оруулалт хийж байгаа учраас их ач холбогдолтой. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр уламжлалт Цагаан сарын баярын бэлтгэлийг хийх нь Монголын эдийн засаг сэргэж хямралыг хямрахгүйгээр давах нэг боломж юм. 


"ДАРХАНЫ МЭДЭЭ" СОНИН, ДУГААР 14, 2017 ОН I САР, VI НҮҮРТ




Төрийн байгууллагуудын мэдээлэл