Гэртээ харих зам хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

Нэмэгдсэн: 2017-02-01

Сүхбаатар дүүрэг “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай 186 иргэнийг илрүүлэн бүртгэлжүүлжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар нийслэлийн хэмжээнд байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нээж дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах хэлсэн үгэндээ “Өнгөрөгч оны гуравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, бүртгэлжүүлсэн. Энэ ажлыг зохион байгуулахад хамтран оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, бүх хүмүүст талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Тэнэмэл амьдралтай иргэд бол амьдралын ямар нэгэн шалтгаанд бүдэрч  энэ зам руу орсон байдаг. Бид эдгээр иргэдийг өгөгдсөн анкетийн дагуу бүртгэлжүүлэн гарын дардас, гэрэл зургийг авч бүртгэлд хамрагдсан тухай бүртгэлийн хуудас олгосон байгаа. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Эдгээр иргэдээс 71 иргэнийг бичиг баримттай болгож, таван хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн” гэв. Энэ үеэр нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дэд дарга Б.Отгонжаргал  “Гэртээ харих зам” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсан ялангуяа энэ жилийн төсөвтөө 10 сая төгрөгийг суулгасан Сүхбаатар дүүргийн хамт олонд талархлаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд хоёр дүүрэг л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж төсөв батлуулсан байна гэдгийг тодотголоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Нийгмийн халамжийн газрын удирдлага, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, 1-20 хорооны нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд болон Цагдаа, Эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, харилцан мэдээлэл солилцон санал бодлоо хуваалцлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл