“Тогтвортой амьжиргаа-2” төсөл 2 сарын дараа хэрэгжиж дуусч байгаатай холбогдуулан Дэлхийн банкны хөдөөгийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Чарлэс Аннор Фрэмпон, Тогтвортой амьжиргаа төслийн газрын захирал А.Хашцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хэнтий аймгийн сумдад ажиллаад аймгийн удирдлагуудтай уулзав.
Тогтвортой амьжиргаа төслийн 3 дахь шатыг 2013 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа учир өмнөх шатны төслүүд орон нутагт хэрхэн хэрэгжиж үр дүн гарсныг тэд газар дээр нь үзэж танилцаад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийллээ. Уг төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдийг оролцоог хангаж ажилладаг учир Монгол улсын төсвийн шинэ хууль ч төслийн зорилготой нийцэж байгааг тэмдэглэлээ. Төсвийн тухай шинэ хуулиар энэ жил Хэнтий аймагт 9,8 тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдаж уг хөрөнгийг юунд зарцуулахыг иргэдээр хэлэлцүүлэн шийдсэн ажлын явцтай тэд сум орон нутагт анхааралтай танилцсан байна. Эхний улиралд Хэнтий аймагт орон нутгийн хөгжлийн санд 2,8 тэрбум төгрөг орж ирэхээс 2,3 тэрбум ирж сумдад хуваарилсан бөгөөд сумд нийт 359 төсөл, аймаг 38 төслийг санхүүжүүлэхээр иргэдийн саналыг авч эрэмбэлжээ.
И.Байгалмаа