Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нэмэгдсэн: 2017-01-19

2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Элчин сайд Шин Хаймин нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаар тохиров. 

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын мэндчилгээг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад уламжлав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарт Хятадын уламжлалт баяр - Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг Элчин сайд Шин Хайминээс хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл