Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 1, 2, 3-р үе шат 2006-2016 онд амжилттай хэрэгжиж дууссан.
1-р үе шатанд Архивын ерөнхий газраас төрийн архивуудад хадгалагдаж буй баримтын тоо хэмжээ, онцлог, ашиглалтын байдал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, боловсон хүчний байдалд судалгаа явуулах, шаардлагатай тогтоол, шийдвэрийг гаргуулах, арга зүйн баримт бичгийг боловсруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2, 3-р үе шатанд төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан сан байгуулах, төрийн архивын цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд цахим бичиг хэргийн тогтолцоог нэвтрүүлэх зорилтын хүрээндтөрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахад анхаарал хандуулан ажилласан бөгөөд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төрийн архивуудад цахим мэдээллийн сан үүсгэх гэрээт ажилтнуудыг ажиллуулж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.11-д “Архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх замаар төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулна” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр үе шатыг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталлаа.
Төрийн архивуудад хадгалагдаж буй цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, эрэлт хайлтын систем үүсгэснээр байгууллага, иргэдэд архивын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэхээс гадна архивын эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, баримтын насжилтын хугацааг уртасгаж, Монгол Улсын түүх, соёлын үнэт өвийг хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэн өгөх боломжтой болох юм.
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР