Засгийн газрын хуралдаан 2016.12.21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Нэмэгдсэн: 2016-12-21

50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна

Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов. 50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх юм.


Эмнэлэг бус, цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлнэ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлэгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.



Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллого явуулж дууслаа

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг хэлэлцээд цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргахаар болов.

ОХУ-ын Москва хот дахь Элчин сайдын яамны II байр, Улаан-Үд хот дахь  Консулын газрын барилгад хөрөнгө оруулсан маргаантай асуудал, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамыг нүүлгэн шилжүүлэх зэргийг судлан, тулгамдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг УИХ-д танилцуулахаар боллоо.

Тооллогод төрийн 1128, орон нутгийн өмчийн 4958 нэгж, хуулийн этгээд хамрагдсан байна. Танилцуулгаас үзвэл үзлэг, тооллогод 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тасалбар болгосон 30 их наяд 74 тэрбум 900 сая төгрөгийн хөрөнгө хамрагдсанаас 17 их наяд 150 тэрбум, 900 сая төгрөгийн төрийн болон орон нутгийн өмчийн өөрийн хөрөнгө байна.  

Үзлэг, тооллоготой холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийх, концессын гэрээгээр барьсан барилга, зам, гүүр, тоног төхөөрөмж зэргийг төрийн өмчийн бүртгэлд тусгах зэргийг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Гадаадын хөрөнгө оруулалттай банк хадгаламж татахгүй

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгажээ. 

“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлнэ

2013-2016 онд “Гудамж” төсөл хэрэгжиж дуусах шатандаа байгаа учир төслийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөлд шилжүүлэн үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр боллоо.

“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд “Хилийн боомт”, “Аймгийн төв”, “Гудамж” гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэх юм.

“Хилийн боомт” дэд төслийн дагуу хилийн боомтуудыг хөгжүүлэх цогц судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах, шалган нэвтрүүлэх хэсгийн нарийвчилсан төлөвлөлт хийж, зам, барилгын ажлыг нь эхлүүлэх, түрээсийн болон байнгын орон сууцны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор хамгаалалтын ногоон бүс байгуулах, гадаадын хот, суурин газартай хил залгаа боомтуудад байнгын болон богино хугацааны худалдаа, үйлчилгээний төвүүд бий болгохоор төлөвлөжээ.

”Аймгийн төв” дэд төслийн хүрээнд 2014-2015 онд “Гудамж” төсөл хэрэгжсэн гурван аймгийн төвөөс бусад 18 аймгийн төвд үргэлжлүүлэн ерөнхий төлөвлөгөөний болон бусад суурь судалгаа хийнэ. Аймгуудын төвийн хэсгийн хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулж, шинээр гудамж, зам, талбай, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барихаар болжээ.

“Гудамж” дэд төслийн хүрээнд нийслэлийн гудамж, зам, уулзвар, дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх зорилготой 22 км авто зам, 16 байршилд бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Мөн Туулын хурдны замын ажил, гэр хороололд “Шинэ их тойруу” хөтөлбөр, Гандангийн гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл, “Ногоон Улаанбаатар” хөтөлбөр зэргийг шинээр эхлэх буюу үргэлжлүүлэх юм байна.

Төслийг улс, орон нутгийн төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцжээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо.

Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөгөөр тогтоов.

Гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллийг бууруулна

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Хуулийн төсөлд:

-  Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих

-  Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болох гэр бүлийн боловсрол олгох

-  Хүүхдийн төлөө эцэг, эх, асран хамгаалагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцэг, эх салсны дараа хүлээх үүрэг, хариуцлагыг хэвээр байлгах

-  Хүүхдийн өмчлөх эрхийг хуульчлах

-  Хүүхдийн тэтгэлэг заавал төлөгддөг нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлэг гаргуулах

-  Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудал журмаар зохицуулагдаж байгааг өөрчилж хуульчлах, үрчилсний дараах хяналтыг бий болгохоор төлөвлөжээ.

Хууль батлагдсанаар гэр бүлийг дэмжих төрийн бодлого, гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо бий болж, гэр бүл бат бэх байж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина

“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх хэдий ч тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэж  үзжээ. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Товч мэдээ

-  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Комиссыг Монгол Улсын Шадар сайд ахлах юм.

- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжиж төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай, Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжив.

- Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төвөлөгөөг боловсруулан баталж,  хэрэгжилтийг зохион байгуулан, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийг батлав.

- УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзлээ.

- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй нийцүүлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл