Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 23-нд боллоо

Нэмэгдсэн: 2016-11-23

Улс тунхагласны баярын өдрийн амралтыг 11 дүгээр сарын 25-нд шилжүүлж бүх нийтээр амарна

УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ жил 11 дүгээр сарын 26 нь бямба гаригт таарч байгаа тул баярын амралтыг 2016 оны  11 дүгээр сарын 25-ны баасан гаригт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон  нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай юм.

22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов

Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр хоёр тал тохироод байгаа юм.

Уг хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ахлах юм. Комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх юм. 

Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо

Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 27 байгууллагад бөөр орлуулах 169 ширхэг гемодиализын аппарат ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай  бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгууллага тооцож гаргажээ. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт 3 удаа, насан туршдаа гемодиализын эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх  шаардлагатай болдог бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар боллоо. 

300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана

“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байгаа юм.

Төслийн уралдаант шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.

Төсөл хэрэгжвэл эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэгтэй болох юм.

Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз агнана

Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо.

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй юм.

Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах жишиг үнэ, төлбөр, хураамжийг 2001, 2005 оны инфляцийн түвшин, мэргэжлийн байгууллага, Шинжлэх ухааны академи, Сорилын биологийн хүрээлэнгийн санал зэргийг харгалзан 30 хүртэл хувиар нэмлээ. Ингэснээр ирэх онд улсын төсөвт гурван тэрбум гаруй төгрөгийн орлого орно гэж тооцоолж байна.

2016 онд  60 угалз, 70 тэх, 30 халиу буга, 20 саарал чоно, тус бүр 10 зэрлэг гахай, бор гөрөөс, 150 цагаан зээр, 400 хүртэл агнуурын шувууг агнуулах, 400 тул загас барьж буцаан тавиулахаар 2015 онд шийдвэрлэж байжээ. Амьтны нөөц ашигласны төлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг ороод байгаа юм.

Үндэсний батлан хамгаалахын их сургуультай боллоо

Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо.

Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар   сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно.

Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил түвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.

Товч мэдээ

-  Хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

-   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг тус  тус  баталлаа.

-  Монголын оюутны спортын IY их наадмыг 2017 онд орон даяар зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа.

-  Энэ оны гуравдугаар улиралд Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 37 мянга гаруйг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ нь 95 орчим хувьтай гэсэн үг юм. Иргэдийн дийлэнх нь нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл