Улаан буудай, төмсний хэрэглээг дотоодоос бүрэн хангана

Нэмэгдсэн: 2016-11-17

2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Мэдээллээс үзвэл 475 мянган тонн үр тариа, үүнээс 460 мянган тонн буудай, 153 мянган тонн төмс, 93 мянган тонн хүнсний ногоо, 20 орчим мянган тонн тосны ургамал, 50 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс улаан буудай, төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 50 гаруй хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн байна.

Аж ахуйн нэгж, иргэд 389 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 108 мянган га талбайг дэвшилтэт технологиор боловсруулж, дараа оны тариалалтад зориулан 45 мянган тонн үр нөөцөлжээ.

Мэдээлэлтэй холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ авахыг холбогдох сайд, албан тушаалтанд даалгалаа. Тухайлбал Дарханы ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн болон үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй хамтарч үрийн төрөлжсөн аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хугацааг сунгах зэргийг судалж танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн хуралдаанаар мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнтэй танилцав.

Цаашид хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн аймгуудыг судлан Засгийн газарт танилцуулах, цас ихтэй бүс нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Мөн улсын тусгай хамгаалалттай цогцолбор газар, хилийн зурвас бүс нутагт өвөлжиж, хаваржих малчдын нийгмийн асуудалд анхаарах, малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, салбарын сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл