ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГТ- БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Нэмэгдсэн: 2016-10-27

ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГТ-  БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ”-ИЙН ХУГАЦААНД БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

  НЭГ.САЛБАРЫН БОДЛОГО,ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ

БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

1.1.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд барилга,хот байгуулалтын чиглэлээр дараах зорилтуудыг тусган батлуулав.Үүнд:

  1.1.1. ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх;

  1.1.2. хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх;

  1.1.3. барилгын норм, нормативын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, олон улсын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх орчинг бүрдүүлэх;

  1.1.4. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг бүс нутаг, бүлэг суурингийн тогтолцоог оновчтой тогтоох чиглэлээр үе шаттайгаар боловсруулах;

  1.1.5. газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

  1.1.6. Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах, шинэчлэх, геодезийн нэгдсэн сүлжээг бий болгох замаар орон зайн өгөгдөл, мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;

  1.1.7. Улаанбаатар хотыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

  1.1.8. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Гудамж”, “Дугуйн зам” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

  1.1.9. Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх бодлого баримтлах;

  1.1.10. Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх;

  1.1.11. хот, суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлэх;

  1.1.12. барилга байгууламжийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах,барилгын жинг хөнгөрүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, галд тэсвэрлэлтийг сайжруулахад чиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

  1.1.13. хот, суурин газруудын газар хөдлөлтийн үйлчлэлийн давтамж, эрчмийг шинэчлэн тогтоож, барилга байгууламжийн төлөвлөлтөд тусгах, ашиглагдаж буй барилга байгууламжуудын бат бэх, найдвартай байдлыг сайжруулах арга хэмжээг төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлэх;

  1.1.14. нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх;

  1.1.15. Улаанбаатар хотод шинээртөлөвлөж байгаа орон сууцны хорооллын унд-ахуйн хэрэглээний цэвэр усыг тусад нь төлөвлөх, гарсан бохир усыг саарал усны стандартын шаардлагад нийцүүлэн дахин боловсруулж, ариутгах татуургын системд технологийн зориулалтаар болон ногоон байгууламжийн усалгаанд ашиглах зэрэг техникийн шийдлийг зураг төсөлд тусгаж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх;

  1.1.16. хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлыг эрчимжүүлэх;

  1.1.17. цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн ус болон хөрсний усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлэх;

  1.1.18. утасгүй интернетийн хүртээмжийг нэмэгдүүлж, амралт, зугаалгын бүс, номын санд ашиглах боломжийг бүрдүүлэх;

  1.1.19. Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг бүрдүүлэх;

  1.1.20. Улаанбаатар хотын орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлэх;

  1.1.21. Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг дуусгах.

  1.2. Монгол Улсын эдийн засаг,нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг боловсруулан  Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд хүргүүлээд байна.

1.3. Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулах,тогтворжуулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч буй өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, барилгын үндсэн материалыг импортын хамаарлаас гаргах, гадаад валют хэмнэх зорилгоорбарилгын материалын үйлдвэрлэлийн  “Барилгын гангийн үйлдвэрлэлийг дэмжих”, “Эх орны эрдэс түүхий эд ашигласан, байгаль орчинд ээлтэй барилгын дулаалгын материалын үйлдвэрлэлийг дэмжих”, “Угсармал барилгын хийцийн үйлдвэрлэлийг дэмжих” төслүүдийг боловсруулан Засгийн газар, Сангийн яаманд тус тус хүргүүлж, танилцуулсан.

1.4. Монгол улс Япон улстай стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016-2020 онд хэрэгжүүлэх боломжтой 11төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэв.

1.5. Барилга, хот байгуулалтын сайдын төсвийн багцаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн төлбөрийг Сангийн яамнаас хуваарилан олгосон санхүүжилтийн дагуу гүйцэтгэгч байгууллагад шилжүүлж, нягтлан бодох бүртгэлд тусгаад байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалт 13.6 тэрбум төгрөг буюу 26.0 хувь, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт 24.4 тэрбум төгрөг буюу 34.0 хувийн тус тус санхүүжилтийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн тодотголтой холбоотойгоор векселиэр санхүүжүүлэх төлбөр 26.3 тэрбум, улсын төсвөөс санхүүжих 4.1 тэрбум, Хөгжлийн банкнаас санхүүжих 21.5 тэрбум төгрөгхүлээгдэж байна.

1.6. Салбарын 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн нэгдсэн тайлан тэнцлийг Сангийн яамтай тооцоо нийлэн баталгаажуулж, хуулийн хугацаанд хүргүүлээд байна.

ХОЁР. ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

2.1. Хот байгуулалтын талаарх бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах ажлын хүрээндЗасгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай, Авто зогсоолын тухай,  Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд:

2.1.1. Авто зогсоолын тухай,  Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай  хуулийн төслийн үзэл баримтлалын төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг нэгтгэж байна;

2.1.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийг дагалдан гарах:

- “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”;

- “Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”;

- “Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”;

- “Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”;

- “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд тус тус бүртгүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

2.1.3. “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу зарим нэмэлт, өөрчлөлт оруулж олон нийтээс яамны цахим хуудаст байршуулан санал авч байна;

2.1.4. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулга, үнийн тооцооллыг боловсруулж, Засгийн газрын гишүүдээс санал авахаар албан бичиг хүргүүлэв;

2.1.5. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар 2015 онд баталсан “Инженерийн мэргэжлийн төрлөөр орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллуулах дүрэм”-д өөрчлөлт оруулан “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна;

2.1.6. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-д заасны дагуу аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудын 2015 оны ажлын тайланг хүлээн авч, тухайн жилд гүйцэтгэсэн ажил, уг дүрэмд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг нэгтгэн дүгнэж, тус нэгдсэн тайланг үндэслэн хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр цаашдын үйл ажиллагааны зөвлөмж гаргав.

2.2. Хот байгуулалтын бодлого, хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах ажлын хүрээнд:

2.2.1. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн туслалцааны “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхийг сайжруулах” дэд төсөл-1 болон “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат” дэд төсөл-2-ийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн явцыг хянах чиг үүрэг бүхий Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав;

2.2.2. 2012-2016 онуудад хот байгуулалт чиглэлээр 21 аймагт хийгдсэн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг боловсруулж, Архангай аймгийн Жаргалант, Өгийнуур сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд улсын экспертизын дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж байна;

2.2.3. Эквадорын Бүгд Найрамдах  Улсын нийслэл Кито хотод 2016 оны 10 дугаар сарын 17-20-ны өдөр зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр “Habitat-III” бага хуралд холбогдох байгууллагатай хамтран төлөөлөгч оролцуулах бэлтгэл ажлыг хангав.

ГУРАВ. ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР:

3.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Геодези, зураг зүйн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг нарийвчлан тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

3.2. Барилга, хот байгуулалтын сайд болон яамны холбогдох албан тушаалтнууд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газрын харилцаа, геодези, зураг зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар санал солилцлоо.

ДӨРӨВ. НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:

  4.1. Нийтийн аж ахуйн салбарын талаарх бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах ажлын хүрээнд:

4.1.1. Барилгын тухай хуулийг дагалдан гарах 34 дүрэм журмыг боловсруулах ажлын хэсэгбайгуулан төслүүдийг боловсруулжяамны цахим хуудсаар олон нийтээс санал авах ажлыг хийж байна;

4.1.2.“Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо”,  “Хувийн-орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв” зэрэг төрийн бус байгууллагуудаас Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах талаар 2016 онд ирүүлсэн саналуудыг нэгтгэн, өнөөгийн нөхцөл байдал, шаардлагатай уялдуулан судлах ажлыг хийж байна;

4.1.3. Улсын төсвийн 2017 оны хөрөнгө оруулалтын төсөлд тусгагдсан аймгуудын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Улаанбаатар хотын Баянголын амны ус, дулаан хангамжийн шугам сүлжээг дуусган ашиглалтад оруулах, орон нутгийн цэвэр, бохир усны лабораториудыг байгуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдүүлэх санал боловсруулж байна;

4.1.4. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны төсвийн багцад Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх төслүүдийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, бусад гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх саналыг танилцуулгын хамт Сангийн сайдад хүргүүлсэн;

4.1.5.Нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлэв.

 

  4.2 Нийтийн аж ахуйн бодлого, хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах ажлын хүрээнд:

4.2.1.Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, нийтийн аж ахуйн салбарын 85 жил, Азийн хөгжлийн банкны Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд тус яам, тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт чуулга уулзалтыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав;

4.2.2.Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж буй “Дархан хотын бохир усны менежментийн МОН 3244/3245 төсөл”-ийн олон улсын зөвлөх компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажлыг эхлүүлж, хэрэгжилтийн талаарх танилцуулах уулзалтыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамтай хамтран зохион байгуулж, 2017 онд хийгдэх болон үе шатны ажлуудаа төлөвлөв;

4.2.3. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр 21 аймгийн төвд цэвэр, бохир усны иж бүрэн лаборатори байгуулах, сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах, бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, сумдын дулаан хангамжийг сайжруулах хөтөлбөр, “Ногоон хувийн орон сууц” төслүүдийн танилцуулгыг боловсруулж байна;

4.2.4. Япон Улсын Шизүока мужийн Тамгын газартай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд цэвэрлэх байгууламжийн болон орон нутгийн 14 байгууллагын 16 инженер, техникийн ажилтнуудад орчин үеийн цэвэрлэх байгууламжийн шинэ дэвшилтэт технологи, лагийг дахин боловсруулах, саарал усыг эргүүлэн ашиглах зэрэг чиглэлээр чадавхижуулах сургалтыг зохион байгуулав;

4.2.5. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн G0204 төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд сумын хатуу хог хаягдлыг шахаж пресслэх, тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах болон дулаан хангамжийг сайжруулах, хог хаягдлын хашаа барих ажлын гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулах тендерүүдийг зарлах, дүгнэх ажлыг зохион байгуулж байна;

4.2.6. Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 263 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэд бүтэц” төслөөр Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг, Солонго хороолол, Баянголын аманд баригдсан ус хангамжийн эх үүсвэр, насос станц, усан сан, цэвэр, бохир усны шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгүүлэх асуудлыг /22,6 тэрбум төгрөг/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

4.3. Орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаар захирамжаар холбогдох яамд, Монголбанк, Монголын ипотекийн корпорацийн оролцоотойгоор байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдтэй хамтран орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэнипотекийн зээлийн орон сууцны талбайн хэмжээ 80м2байсныг 100м2 болгон тогтоов.

ТАВ.НОРМ,НОРМАТИВЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

5.1. Тайлангийн хугацаанд “Алчуур хатаагч. Техникийн шаардлага” үндэсний стандарт, Барилга угсралтын ажилчдын тарифт цалингийн жишгийг шинэчлэн тогтоож “Барилгын төсөв зохиох дүрэм”БНбД 81-95-12-т өөрчлөлт оруулах, газрын харилцаа, геодези, зураг зүйн норм, дүрэмд үзлэг хийж, техникийн түвшин тогтоох, ASTM D 2488-00 Ул хөрсний хээрийн бичиглэл хийх аргачлал стандарт, ASTM D 2166-06 Лабораторийн нөхцөлд ул хөрсний нэг чиглэлийн шахагдалын хүчийг тодорхойлох туршилт явуулах стандарт, Барилга угсралтын ажлын үнийн индекс тооцох дүрмийг шинэчлэн боловсруулах ажлыг тус тус хийж байна.

5.2. “Инженер-геологийн жижиг, дунд масштабын зураг зохиох аргачилсан заавар", “Барилгын материал, бүтээц эдлэлийн үнийн 2015 оны эмхэтгэл”, Барилга, сантехникийн ажлын суурь нормын 24, нэмэлтээр гарсан 5 эмхэтгэлд шинээр батлагдсан норм, дүрэм,  үзлэг шинжилгээний дагуу засвар, өөрчлөлтүүдийг хийх, барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ хэрэглэх дүрмийн төсөл зэргийг боловсруулж, 11 нэр төрлийн 1700 ширхэг норматив баримт бичгийг хэвлүүлэн нийтийн хэрэглээнд гаргав.

ЗУРГАА.ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР:

6.1. Барилга, хот байгуулалтын сайд доор дурдсан Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй дараах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцон, нэгдсэн дүгнэлтэд хүрээд байна. Үүнд:

- БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай хамтын ажиллагаагаа уялдуулах, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын 7, 14 дүгээр хорооллын орон сууц,Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах  төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаар;

- Их Британи,Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас манай улсад суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдтой барилгын салбарт харилцан хамтарч ажиллах тухай;

- Германы олон улсын хамтын ажиллагааны судалгааны ажлын хэсэгтэй Герман Улсад барилгын норм,норматив, дулаан хадгалалт,халаалтын горимын норм, нормативын чиглэлээр мэргэжилтэн, дадлагажигч бэлтгэх тухай.

6.2. Салбарын бизнес эрхлэгч 200 гаруй компанийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулан, тулгамдсан асуудал болон цаашид хийж хэрэгжүүлбэл зохих ажлын талаар санал солилцов.Уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

6.3. Салбарын  мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудын 40 гаруй төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, салбарын өмнө тулгамдаж буй асуудал болон цаашид хийж хэрэгжүүлбэл зохих ажлын талаар санал солилцов.

6.4. Барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, бага хурал, чуулга уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулав. 

БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Төрийн байгууллагуудын мэдээлэл