Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нэмэгдсэн: 2016-10-26

Ахмад настан, алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлөлт олгоно

  Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслүүдийг боловсруулжээ.

 Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй. Ахмадуудад лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх явуулын үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээтэй дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрийн ажлыг хэрэгжүүлэхэд 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөв.

319 иргэний хилийн хоригийг цуцалжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд санал дүгнэлтээ танилцууллаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан тус Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулан ажиллав. Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн талаарх судалгааг хийж санал дүгнэлт гаргажээ. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191, нийт 5582  иргэн бүртгэлтэй байсан бол ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын 298 иргэн, гадаадын улсын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлажээ. Үүнд:

·  Прокурорын байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 164 иргэн, гадаад улсын 13 иргэн,

·  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 128 иргэн,  гадаад улсын 2 иргэн,

·  Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын 6 иргэн, гадаад улсын 6 иргэн тус тус хамрагдсан байна. 

Мөн тухайн хүнд өөрт нь мэдэгдэлгүйгээр төрийн албан хаагч дур зоргоороо авирлаж хилийн хориг тавьдаг, хориг тавьчихаад түүнийгээ таг мартдаг асуудлыг нэг мөр цэгцлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал, Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, түүнийг цуцлах үйл ажиллагааг нэг цонхоор явуулах, хилээр гарахыг түдгэлзүүлсэн иргэдийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн сантай болох нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг ямар албан тушаалтан хэзээ гаргасан, хэзээ цуцлахыг тодорхой заах, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудад холбогдох өөрчлөлт оруулах санал гаргав.

Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсооно

Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 зүйл хэсэгт заасан 374 хэрэгт 403 иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болох нь тогтоогджээ. Мөн эрүүгийн 93 хэрэгт сэжигтэн, яллагдагчийн гэм буруутайг нотлох баримтаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бол эрүүгийн 139 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт шилжүүлсэн байна. Үүнээс харахад хэрэгсэхгүй болгосон хэрэг нь шүүхэд шилжүүлсэн хэргээс 33 хувиар их байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг сайн шалгаж үзэлгүй үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг юм. Тиймээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, эрүүгийн хэрэг үүсгээд дарамталдаг, нэг талыг барьж шалгадаг, танил талдаа үйлчилдэг, хууль зөрчдөг, олон арван сар шалгадаг явдлыг таслан зогсоож, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хуулиас давсан заалттай 86 шийдвэрийг хүчингүй болгож, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ

Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй  холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн  Засаг даргын захирамж 44 нийт 237 шийдвэр байна. Уг 237 захиргааны хэм хэмжээний актыг Ажлын хэсгийн хүрээнд хянан үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Ажлын хэсэг мөн өнөөдөр байгаа 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-оос 3 дахин бууруулж, зөвшөөрснөөс бусдыг хориглох бус хориглосноос бусдыг зөвшөөрч, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санал гаргасныг Засгийн газар дэмжлээ.

Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн буруутай үйлдлээс болж 15 тэрбум 319 сая төгрөгийн хохирол учирчээ

Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15,319,861,889 төгрөг олгохоор  шийдвэрлэсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11,843,753,084 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл: Худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой, татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байна. Тиймээс цаашид төрийналбанхаагчийнбуруутайүйлажиллагааныулмаасүүссэнөртөлбөрийг төр хариуцаад өнгөрөх биш тухайн гэм  буруутай  этгээдээр нөхөн  төлүүлдэг байх хууль журам боловсруулахаар тогтлоо. Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг “Монгол Улсын хууль тогтоомжийг  2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгаж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Засгийн газар, яам, агентлагийн түвшинд хэрэгжүүлэхээр санал болгосон арга хэмжээг яам, агентлагийн төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж 2017 оны II дугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга Ж.Мөнхбат, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд үүрэг болгов.

Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хөтлөлтийг сайжруулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн  Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт үүрэг болгов. Шилэн дансны хөтлөлт, мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд хуульд заасан хугацаанд тогтмол  нээлттэй байршуулж хэвшүүлэхийг Шилэн дансны хуулийн хүрээнд багтах бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгав.

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үндсэн 4 салбар, чиглэлийн 383 зорилт тусгав.

-  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцээд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-   Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд 2016-2021 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг дэмжив.

-  2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгох, хөрөнгийг нь нөхөн төлбөргүйгээр албадан хураахаас хамгаалах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

-  Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл