Ж.Эрдэнэбат: Хөрөнгийн зах зээлийг урьд урьдаас илүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна

Нэмэгдсэн: 2016-10-26

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

Асуудлыг хамтран хэлэлцэн, ур ухаанаа уралдуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой арга замыг сонгон авах нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах зөв гарц, хамгийн зөв шийдэл мөн гэж үзэж байна. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Хөтөлбөрт олон тооны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд сайн төлөвлөгөө, чадварлаг менежмент, төслийн санхүүжилтийн зөв тогтолцоо шаардлагатай. Хөрөнгийн зах зээлийг урьд урьдаас илүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Хөрөнгө оруулагчид манай бизнес, хөрөнгө оруулалтын орчин төдийлөн тааламжтай бус, хөрөнгө оруулагчдад учирч болох эдийн засаг, улс төрийн эрсдэл байгаа талаар санал, шүүмжлэлээ илэрхийлж байна. Улс төрийн эрсдэл гэсэн хүчин зүйлийн дотор Засгийн газрын тогтворгүй байдал, төрийн албан хаагчдын чадвар чадамж, төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд ойр ойрхон өөрчлөгддөг асуудлыг авч үзсэнийг онцолсон юм.

Засгийн газар “Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.  

Түүнчлэн Монгол Улсын өмнө тавигдаж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талын эх үүсвэртэй, санхүүжилтийн маш сайн тогтолцоо шаардагдаж байна. Энэ тогтолцоо нь зөвхөн банкны салбараас бус санхүүгийн зах зээлийн найдвартай, ирээдүйтэй тогтолцоон дээр тулгуурлах шаардлагатай. Иймээс бид арилжааны банк давамгайлсан тогтолцооноос банк, санхүүгийн зах зээлийн төрөлжсөн тогтолцоонд шилжих, аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон улсын шинэлэг арга зүйд суралцан, үр бүтээлтэй нэвтрүүлэх шаардлагатай болж байна гэдгийг тодотгосон юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын зүгээс санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлээр дамжин хэрэгжих төслийг олшруулахын төлөө шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл