Хил хамгаалах байгууллагатай танилцахаар Ялалтын баярын өдрөөр ШУТИС-ийн Механик, инженерийн сургуулийн оюутан залуус, багш нарыхаа хамт ирсэн юм. Тус сургууль нь ХХЕГ-ын Сэтгэл зүй, соёл сурталчилгааны хэлтэстэй байнгын харилцаа холбоотой ажилласаар ирсэн аж. Тиймээс ч энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн 40-өөд оюутнууд ХХБ-тай танилцах хагас өдрийн аяллыг хийхээр болжээ. Залуусын дунд энэ хавар төгсч амьдралын гараагаа эхлүүлж буй оюутнууд цөөнгүй байсан бол мөн оюутны анхны хавраа үдэж буй дүү нар ч байв. Ирээдүйн техникийн мэргэжилтнүүд болох эх орны хөвгүүд Хил хамгаалах байгууллагын албаны онцлог, хилчдийнхээ тухай сонирхохоор гараа өргөн сайн дураараа ирцгээсэн болохыг багш нар нь ярьж байлаа. Тэд ХХЕГ-ын үүдэнд залрах хилчин баатруудын хөшөө дурсгалтай эхлэн танилцаж дараа нь дурсгалын зургаа хамтдаа татуулав. Мөн Хилийн 0253 дугаар ангийн тавиулан, ХЦДБЧ-ын уран бүтээлчдийн бэлтгэлийн өрөө, Өргөө гэр, Хилчин спорт хороо гээд сонин содон гэсэн бүхэнтэй танилцсан юм. Тэдний Хил хамгаалах байгууллагатай танилцах сүүлийн зогсоол Хилийн түүхийн музей байв. Оюутнууд түүхийн үнэт үзмэрүүдийг ихэд сонирхон удтал саатлаа. Харин Хил хамгаалах байгууллагын зэвсэг, техникийг бүгдийг үзэж чадаагүйдээ сэтгэл бага зэрэг дундуур байгаагаа ярьж байлаа. Ингээд хагас өдрийн аяллын турш хилчдийн амьдрал, албаны онцлогтой тодорхой хэмжээгээр танилцсан залуус ХЦДБЧ-ын дуучин, МУГЖ Б.Ганчимэгийн “Сэтгэлийн гал” тоглолтыг хамтдаа үзсэнээр тэдний хилчдийн танин мэдэх аялал өндөрлөсөн юм.