Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Нэмэгдсэн: 2016-10-10

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат энэ сарын 7-нд Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Энэ нь  Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа ажиллаж буй долоо дахь аймаг юм.

Хөвсгөлийн иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү,  БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа.

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хөтөлбөрт МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгасан. Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон зорилт туссан.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлтгэж байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ гэлээ.

Ахмад настнуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Эдгээр арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн ярилаа.  

Засгийн газрын бодлого тодорхой байх ёстой. Иймд энэ дөрвөн жилд  салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгөөд байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 0,4 хувийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, нуур орчмыг дахин төлөвлөлтөд оруулж, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зайлшгүй шаардлага байна гэсэн саналыг нутгийн иргэд хэлж байв.

Чандмань-Өндөр сумын дунд сургуулийн барилга мөөгөнцөртсөнөөс сурагч, багш нарын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байгаа гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад уламжилж, шинэ барилга барихад дэмжлэг хүслээ.

Ерөнхий сайд уулзалтын үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болон тус аймгийн Чандмань-Өндөр суманд сургуулийн шинэ барилга барих асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа хэллээ гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Төрийн байгууллагуудын мэдээлэл