Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Нэмэгдсэн: 2016-10-08

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сарын 7-ны баасан гаригт Булган аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцлоо.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон тооны зорилт туссан. Хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө багтсан. Энэ хэсэгт төсвийн алдагдлыг бууруулж, зарлага санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, мөнгөний уян хатан бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  2017 оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгоно. Хамтын тэтгэврийн хуульд 7 мянган ахмад л хамрагдах байсан бол “Насны хишиг” тэтгэврийг 78 мянган хүн хүртэх юм. Эдийн засаг сайжрахын хэрээр жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам “Насны хишиг” олгохоор төлөвлөсөн.

Мөн их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ

Оюутны 70 мянгыг зогсоож, оюутны сургалтын төлбөрийн зээлийг бий болгож байна. 

Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно. Ингэхдээ 60 хувьд нь буюу зорилтод бүлгийн иргэдэд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь олгох юм.

Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан батлуулжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан дөрвөн аймгийн нэг нь Булган юм. Тус аймаг хадлангаа бүрэн авсан, ургац хураалт 50 хувьтай байгаа ажээ.

Аймгийн төвд шинээр барих цэвэрлэх байгууламж, Булган сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын хөрөнгө, мөн тус суманд баригдаж буй шинэ барилгын гүйцэтгэлийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг аймгийнхан хүслээ. Эдгээр асуудлыг судалж, анхаарал тавьж ажиллахаа Ерөнхий сайд хэллээ.

Мал аж ахуй голлосон энэ аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр энэ салбартай холбоотой асуулт хариулт өрнөлөө.

Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах, нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаан буудайн урамшуулалд зориулж 50 гаруй тэрбум төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан гэлээ.

Мал, мах экспортлоход Засгийн газар анхаарч ажиллана. Үүний тулд эхний ээлжинд малаа эрүүлжүүлэх,  ОХУ болон бусад орны туршлагыг судлах учиртай гэдгийг Ерөнхий сайд хэлж байлаа.

гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл