Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Нэмэгдсэн: 2016-10-04

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт хийх, ҮАБЗ-д танилцуулах, УИХ-д өргөн барихад бэлтгэж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
70-аас дээш настай ахмадад “Насны хишиг” олгоно
Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгав. 
Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ

Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталлаа. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байруулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох юм.

“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болголоо. 
- Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.

Товч мэдээ

- Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. 
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 
- Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны саналыг үндэслэн “Спирт, бал бурам” ХХК-ийн Улаанбаатар хотод спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал суманд спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олголоо. 
- Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр, хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг төслийг боловсруулах явцдаа хэлэлцүүлэг, олон улсын бага хурал зохион байгуулж, холбогдох байгууллага, аж ауйн нэгж, иргэдийн саналыг төсөлд тусгасан байна. 
- Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Д.Ганбат, С.Бямбацогт нарт даалгав.
Томилгоо
-Засгийн газрын хуралдаанаар Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Г.Баясгаланг ХЗДХЯ-ны, Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны, Л. Баяртулгыг ХХААХҮЯ-ны, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. 
-Мөн Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо. 
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл