Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалт халуун дулаан уур амьсгалд болж өнгөрөв. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулахад хоёр тал урд өмнөхөөсөө илүү санаачилгатай ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, тийм бололцоо байгааг онцоллоо.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан томоохон төслүүд бий. Тэдгээр төслүүдэд оролцох, тэндээс ажил олох боломж бололцоо “УБТЗ” ХНН-т хамгийн их бий. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 100 сая тоннд хүргэхээр зорьж байгаа тухай яригдсан. Энэхүү зорилтыг ажил хэрэг болгох зорилгоор эхний ээлжинд хамгийн багадаа арван сая тонныг л УБТЗ-аар тээвэрлэхэд манай хоёр улсын хамтарсан төмөр зам ашигтай ажиллах боломжтой, үүний төлөө манай Засгийн газар идэвхтэй ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ.
Олег Белозёров, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа гэдэгт Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу УИХ-аас “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд импортолдог дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсонд талархаж буйгаа хэлээд, энэ татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа уламжлав.
Түүнчлэн “Оросын төмөр замууд” НХН нь ачаа тээвэрлэлтэд Транссибирийн болон Казахстаны чиглэлийн хоёр коридорыг гол төлөв ашиглаж байгаа. “УБТЗ” ХНН-ийн шугамыг одоогоор ашиглаж чадахгүй байгаа нь буруу боловч цаашид энэхүү коридорыг ашиглах нь зүйтэй байгааг мэдэгдэв.
Дизель түлшинд ногдуулсан Онцгой албан татварын хуулийг анх батлахдаа ч, сая хүчингүй болгохдоо ч Монгол Улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд шийдсэн, манай улс аливаа татварын хуулийн өөрчлөлтийг дараа оны санхүүгийн жилийн эхний өдрөөс мөрдөж эхэлдэг хуультайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд “УБТЗ” ХНН-ийг одоогийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр нь хадгалаад явах уу, эсвэл зах зээлийн нийгмийн онцлог, эдийн засгийн орчин нөхцөлдөө тохируулан компанийн засаглалын хэлбэрээр шинэ төвшинд гаргаж хөгжүүлэх үү гэдэг дээр хоёр тал шийдвэр гаргах цаг болсон. “УБТЗ” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай 1949 оны гэрээг өөрчлөх замаар УБТЗ орчин үеийн шаардлагад нийцэж, бие даан хөгжих, олон улсад одоо байгаагаасаа илүү нээлттэй болох, тээврийн хэмжээ нэмэгдэх боломжийг нээж өгөх ёстой. Үүний төлөө хоёр талаасаа бодитой алхам хийх хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.