Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

Нэмэгдсэн: 2016-10-04

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталлаа. Хөтөлбөр баталсны дараа Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд үг хэлэв. Үгийг бүрэн эхээр нь нийтэллээ.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын Эрхэм гишүүдээ,

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг цаг хугацаа алдалгүй, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, нухацтай хэлэлцэн баталж өгсөн УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье.

Монгол Ардын Нам 2016 оны зургадугаар сард болж өнгөрсөн Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриатай, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бодлогын алдааг засч хөгжүүлэх хөтөлбөртэй орсон бөгөөд сонгогчид, ард иргэд маань манай намын дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн. 

Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг бид богино хугацаанд боловсруулан 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан.

Засгийн газраас өргөн барьсан хөтөлбөрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэх явцад гишүүд идэвх, санаачилгатай оролцож, хөтөлбөрийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлт, найруулгын өөрчлөлт хийх саналуудыг гаргасан. Эдгээр саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар нарийвчлан хэлэлцээд нийт 72 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг УИХ-ын чуулганд оруулан санал хураалгасан.

Хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, төслийг Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон төрөөс баримталж буй урт дунд хугацааны бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах талаар үнэтэй санал бодлоо илэрхийлж хөтөлбөрийн төслийг улам сайжруулахад хувь нэмрээ оруулсан УИХ-ын нийт гишүүддээ талархал илэрхийлье.

Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан, гадаад худалдаа, экспортын орлого буурсан, төсвийн зарлагыг хэмнэх шаардлагуудтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байна.

Засгийн газрын зүгээс эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлэн макро эдийн засгийн тогтворжилтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин төдийлөн тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, олон нийт, ард иргэдийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал юм. 

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ойрын хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа бид шуурхайлан орох болно. 

Монгол Улсын Засгийн газрын хувьд ирэх 4 жилд улс орныхоо нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зорилтууд тодорхой боллоо.

Монгол улстай хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагууд, түншлэгчид, Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид болон Монгол улсын бизнесийн орчныг сонирхон ажиглаж байгаа шинэ хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын зорилт нэн тодорхой байх нь чухал юм.

Иймээс бид бодлого зорилтоо гадаад түншүүд, хөрөнгө оруулагчид, гадаад зах зээлд байгаа Монгол улсын Засгийн газар, Хөгжлийн банкны үнэт цаасыг худалдан авсан байгууллагууд, худалдан авагчдад эдгээр мэдээллийг шуурхай хүргэх, сурталчлах арга хэмжээг авахаар төлөвлөсөн.

Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргаж, хүний амьдрах тааламжтай орчин нөхцөлийг бүрдсэн, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, тогтвортой хөгжил бүхий улс орон болгон хөгжүүлэхийн төлөө Хамтын хүч, хүсэл зорилгоо нийлүүлэн зүтгэхийг төрийн, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, нийт ард иргэддээ уриалж байна.

Монгол Улс маань цаашид улам бүр цэцэглэн хөгжиж, мандан бадарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

https://www.youtube.com/watch?v=ysd7t5LTpaE

Төрийн байгууллагуудын мэдээлэл