Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Нэмэгдсэн: 2016-10-04

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 7-нд боллоо.

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих шийтгэл хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, БСШУСЯ-наас бусад есөн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа. Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам  ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар үзлээ. 

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн  ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нарын айлчлалын дүнг хэлэлцлээ.  Эдгээр айлчлалын хүрээнд тохирсон асуудлуудыг шийдэх чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалаар олгох болсон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах чиглэлээр шуурхай ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болголоо. 

Товчхон

-“Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа. Журамд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавих шаардлага, түүний эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан байна. 

-Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, хэлэлцээр байгуулахыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл