ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нэмэгдсэн: 2016-07-30

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө манай  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье.

Засгийн газар энэ мөчөөс эхлэн ард түмэндээ баттай үнэн, бодит тоо баримтыг хэлж, сонгогчдынхоо хүлээлгэсэн өндөр итгэлийг зүтгэлээр хариулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн төлөө чин шударгаар ажиллах болно. Засгийн газрын зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг түргэсгэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэхдээ шуурхай, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.

Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр ямар байх, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулж, ажил хэрэг болгох талаар танхимаараа хэлэлцэн нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлнэ.

Харин Ерөнхий сайдын хувьд зарчмын байр сууриа илэрхийлье.

Монголын ард түмэн юуны төлөө манай намд, бидэнд, өндөр итгэл хүлээлгэж УИХ-д 65 суудал өгснийг бид өргөн утгаар ойлгож, энэ их итгэлийг  өндөр хэмжээнд ухамсарлаж байгаа. Тэдэн дундаас төр засаг тогтвортой, асуудлыг богино хугацаанд шийдэж, алдах эрхгүйгээр хурдтай ажиллахыг онцгойлж үзсэнийг би Ерөнхий сайдын хувьд ойлгож байгаа. Тийм учраас, ард түмнийхээ итгэлийг “хоосон хүлээлт” болгож царцаахгүй, бодит ажлаар, итгэлийг зүтгэлээр хариулахын тулд манай Засгийн газар шийдвэр гаргах болон ажил гүйцэтгэх хурдыг илүүд үзэж бүтээлч ажиллахыг эрхэм болгоно.

 Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг  онож, асуудлынхаа цөмийг олж барих нь хамгийн чухал юм. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж ажиллах болно.

УИХ-ын сонгуулийн дүн болон, саяхан болж өнгөрсөн АСЕМ-ын үр дүнг  тойрсон, эерэг мессэж, эерэг нэр хүндийг үргэжлүүлэх замаар нэгэнт итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эргэж тэднийг дуудах, ороод ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, эрхзүйн илүү баталгаатай орчин бүрдүүлэхэд чиглэж, Засгийн газар тодорхой ажлууд хийх болно. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түнш улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ!

Наадмын дараа намар гэдэг. Байгаль цаг уурын өнөөгийн таатай нөхцөлд өгөөжийг нь үр дүнтэй ашиглахын тулд намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажлыг хангах, улсын төсвийн тодотголыг боловсруулах зэрэг нэн шаардлагатай ажлуудыг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй байна. Өнөөдөр томилогдсон сайд бүр салбарынхаа ажилтай шуурхай танилцаж, ажлын явцыг эрчимжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд Баян-Өлгий аймагт болсон үерийн хор уршгийг арилгах, Сангийн сайд төсвийн орлогын биелэлт, санхүүжилтийн байдал, тулсан өр авлага ямар байгаа болон улсын төсвийн тодотголын бэлтгэлийг хангаж ажиллана.

УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль болсонтой холбогдуулан цаг үеийн ажил цалгардах, удаашрах нөхцөл бүрдсэнийг зогсоох, аймаг, сумдын наадмыг дуусгаж, ажилдаа шуурхайлж орохыг холбогдох сайд, шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож байна. Төрийн албан хаагчдын амралтыг зохицуулж, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай үзүүлж ажиллах шаардлагатай байна.

Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн засвар, намрын хичээл эхлэх бэлтгэлийг хангаж, ажлыг эрчимжүүлнэ. Урин дулааны улирал үргэлжилж байгаатай холбогдуулан хүн амыг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар яаралтай авах арга хэмжээг ч орхигдуулж болохгүй.

УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх, засаглалын хямралыг даван туулах, ард иргэдийг ажлын байртай болгох, орлогыг нэмэгдүүлэх, шаардлагатай нийгмийн зорилтот хэсгээ төрийн бодлогоор дэмжин тэтгэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон болон  дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах  гээд олон олон чухал ажлыг хийж амжуулах шаардлага бидний өмнө байна.

Та биднийг төрд илгээсэн ард түмэн сонгогчдын хувьд цагийн тоолуур гүйж эхэлсэн. Тэд улс орныхоо ирэх дөрвөн жилийн төлөө хийх ёстой ажлаа хийж,  хамгийн үнэ цэнэтэй итгэлээ та бидэнд өгч, сонголтоо хийсэн. Цаг биднийг хүлээхгүй. Одоо бидний өмнө, ажил хийх таатай нөхцөлийг хүлээхгүйгээр зүтгэж ажиллах үүрэг ирж байна. Монголын төр, Монголын улс төрийн хамгийн том нам хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг байх ёстой. Монгол төрийн уламжлал, залгамж чанарыг хадгалж, улс орныхоо тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр чин шударгаар зүтгэж ажиллацгаая.

Монгол төр, Монголын ард түмний минь босоо цагаан хийморь өөдөө байг.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл