Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт “Чингис” зочид буудалд боллоо. Төслийн нээлтийн ёслолд Хөдөлмөрий сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрийнхөн, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Уг төсөл нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хоёр дахь үе шат болж буй юм. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү төслийг Германы GFA зөвлөх компани 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт зардал 2,4 сая швейцарь франкийг Швейцарийн Засгийн газраас гаргаж байгаа. Үр шимийг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Политехникийн коллеж төгсөгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучууд хүртэх уг төслийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож хэлсэн үгэндээ Монгол Улс болон Швейцарийн Холбооны Улс 1964 онд дипломат харилцаа тогтоож, ардчилал, зах зээлийн нөхцөлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж байгааг онцлон тэмдэглээд “Швейцарийн Хөгжлийн агентлаг 2004 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны газраа нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013-2016 оны стратеги нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал; мэргэжлийн боловсрол, сургалт; төрийн албаны шинэчлэл, орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн чиглэлээр хэрэгжиж байгаа нь Хөдөлмөрийн яамны хувьд ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
Энэхүү стратегийн хүрээнд 2012-2015 онд хэрэгжсэн Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх ажил олгогчид болон олон нийтийн ойлголт, хандлагыг эерэг болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, Баруун бүсийн арга зүйн төвийн үйлчилгээг сайжруулах талаар амжилттай ажилласныг сайшааж байна. Төслийн хүрээнд төлөвшин тогтсон “Орон нутгаас үндэсний хэмжээнд”, “Хувийн хэвшлийн оролцоо” болон “Оролцоо хангасан хамтын үйл ажиллагаа”-ны арга барил, хандлагыг Монгол Улсын Хөдөлмөрийн Яамнаас шилдэг туршлага гэж үнэлснийг энд дурдах нь зүйтэй юм.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай орчин бий болгох, хэрэгжүүлж буй бодлогыг боловсронгуй болгох, сургалтад хамруулах, ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, мөн ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
“Баруун бүсийн мэргэжил сургалт”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” энэхүү хоёр төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэсэн асуудалд гол анхаарлаа хандуулснаар эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцааг бий болгох зорилготой бөгөөд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчид болон ажил хайж буй залуучуудын асуудлыг цогцоор шийдэх нөхцөлийг бий болгоход чиглэж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг төслийн нээлтийн үеэр гол санхүүжүүлэгч Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Төслийн нэгжийн ажилтнууд онцолж байлаа.
2016-05-25
- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Zaluuchuudiin-hudulmur-erhleltiig-demjih-tusliin-neelt#sthash.dfu83Ol2.dpuf