Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталж, үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулан батлахыг Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн болон агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн стратегийн зорилт, арга хэмжээг улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэр болон Сангийн сайд нарт даалгалаа.
Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, дэвшилтэд техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь энэхүү дунд хугацааны стратегийн зорилго юм.
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл олголоо
Концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг “Чайна Гэжүба групп лимитэд” компанитай байгуулах зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Хөрөнгө оруулалтын газраас тус ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн компаниудад урилга хүргүүлэн шалгаруулалт явуулахад тус компани нэгээр шалгарсан байна.
Барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээний төсөлд тусгажээ. Энэ хугацаанд 500 гаруй ажлын байр бий болох юм байна.
“Чайна Гэжүба групп лимитэд” компани нь эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд манай улсад 146,5 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Эрчим хүчний салбарт тэр дотроо усан цахилгаан станц, түүний дэд бүтцийг барих чиглэлээр Хятад улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг, хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн шилдэг 50 компанид багтдаг байна. Суурилагдсан хүчин чадлаар дэлхийд нэгд тооцогддог Гурван хавцлын усан цахилгаан станцын барилгын ажлын 70 илүү хувийг тус компани гүйцэтгэжээ. \
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос зохион байгуулж байна. “Мишээл ЭКСПО”-д 10 хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд 198 аж ахуйн нэгж, хоршоо, малчны бүлэг, 250 ногоочин оролцож, нийт 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори 150 гаруй аж ахуйн нэгж, хоршооны ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зөгийн балд үнэ төлбөргүй шинжилгээ хийж, явуулын лаборатори ажиллуулж, 30 гаруй улсын байцаагч болон 10 шинжээч батлагдсан хуваарийн дагуу хяналт тавьж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хаяг шошгоны талаар зөвлөмж өгч ажилласан байна.
Баянзүрх дүүргийн Улиастай орчимд 4,4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй 25 барилга, байгууламжид энэ сарын 3,4-нд үзлэг шалгалтыг зохин байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй байна. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.
Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа нь Япон улстай байгуулсан түншлэлийн хэлэлцээртэй зөрчилдөж байна.
Японы талаас хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Япон улсын гарал үүсэлтэй архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийнхтэй ижил хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан болно.
Иймд Онцгой албан татварын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулан, эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулсан орны гарал үүсэлтэй импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бүх төрлийн архи, дарсанд ногдуулах татварын хэмжээг ялгаваргүй тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Тус хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар гаалийн тарифын тогтолцоо илүү тодорхой болж бүсийн интегралчлал идэвхжиж байгаа өнөөгийн шаардлагад бүрэн нийцнэ. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, цаашид Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах эерэг үр дагавартай юм.
Мөн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортолж орж ирж байгаа барааны гарал үүслийн гэрчилгээг шаардсанаар хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм байна
Товч мэдээ
· Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд Монгол Улс нэгдэн орохыг зөвшөөрлөө. Энэ нь Хөгжиж буй болон эдийн засгийн шилжилтэд байгаа орнуудад сайн засаглалыг бий болгох, хууль дээдлэх ёсыг түгээн дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлэх үндсэн зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.
· “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.
· Өнгөрөгч наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-нд Японы Токио хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон тухай тайланг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Чуулга уулзалтаас гарсан зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулахыг түүнд даалгалаа.
· Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
· УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
· С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.
· З.Болдбаатарыг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.