Байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой үйл ажиллаага явуулсан, татвараа цаг хугацаандаа төлсөн зэрэг олон шалгуур үзүүлэлтийг дүгнэж улсын хэмжээнд шилдэг татвар төлөгч ААН, байгууллагуудыг шалгаруулсан байна. Манай аймгаас улсын хэмжээнд тэргүүлж 3 байгууллага шилдэг татвар төлөгчөөр шалгарсан бол орон нутагт шилдэг татвар төлөгч ААН-үүдэд мөн шагналыг нь гардуулан өглөө.
Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд компани, ААН-үүдийн тоо өсөх хандлагатай байна. Аймгийн Татварын газарт бүртгэлтэй, татвар төлөгч 1700 гаруй ААН-ээс шилдэг татвар төлөгчөөр “Даян байгаль” ХХК, “Хангүрд” ХХК, “Монголиан нэйшнл фасилитис” ХХК шалгарсан байна. Харин улсын хэмжээнд 116 ААН-ийн дүгнэлтээс Өмнөговь аймгийн “Бэтлэнд” ХХК “Ханбогд хурд” ХХК, “Өмнөговь Тээврийн нэгдэл” ХХК нар Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байна.
Тэргүүний татвар төлөгчдийг шалгаруулахдаа олон үзүүлэлтийг шалгуур болгодог байна. Тухайлбал, байгуулагдсан цагаас эхлэн жигд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, татвараа цаг хугацаандаа төлдөг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг олон үзүүлэлтийг энд нэрлэж байгаа юм.
Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, тэргүүний татвар төлөгчийн болзлыг хангасан ААН-үүд ийнхүү “Тэргүүн татвар төлөгч”-өөр шалгарч шагналаа гардлаа.