УИХ-ын гишүүд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Нэмэгдсэн: 2018-01-17

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг БГД-ийн 23 дугаар хороонд ажиллаж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж агаар, хөрс бохирдуулагч эх үүсвэргүй болгох төсөлтэй танилцсан юм. Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Ард Аюушийн 8-14 дүгээр гудамжны 152 нэгж талбар 10 га газар хамарсан “Шинэ шийдэл” төсөл. Нийтдээ 152 айл өрхийг инженерийн бие даасан шугам сүлжээнд холбох шийдэл бүхий төсөл аж. БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа хэлэхдээ “Манай дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван үндсэн төсөл амжилттай явж байна. “Шинэ шийдэл” төслийн хувьд иргэдийн нэг хэсэгт нь орон сууц, нөгөө хэсэгт нь амины орон сууц барих сонголттойгоор зураг төсөл нь гарчихсан. Дэд бүтцийг нь шийдээд өгвөл ААН-үүд үлдсэн ажлыг хийчихдэг. Гол тулгамдаж байгаа асуудал нь дэд бүтэц байна” хэмээсэн юм.

Ажлын хэсгийнхэн 2010 оноос хойш шалны цахилгаан халаагуур ашиглаж байгаа иргэн С.Одончимэдийнд зочилжсон. “Цахилгаан халаалт тавихын өмнө гэрээ сайн дулаалсан байх шаардлагатай. Ойр орчмын айлууд ихэд сонирхдог хэдий ч худалдаж авах боломж нь хүрдэггүй. Тиймээс цахилгаан халаагуурыг зээлээр авах боломж бүрдүүлвэл хүмүүс ихээр хэрэглэнэ. Цахилгааны төлбөр сардаа дунджаар 150 мянга орчим гардаг. Үүнээс шөнийн хөнгөлөлтөө хасаад 80 мянга орчим төлдөг” хэмээн гэрийн эзэгтэй туршлагаасаа хуваалцлаа.

Нүүрсний хэрэглээнээс татгалзаж цахилгаанаар ажилладаг уурын халаалт тавьсан БГД-ийн 22-р хорооны байртай ажлын хэсгийнхэн танилцав. Засаг дарга С.Мөнгөнтулга “Манай хорооны байр хүйтний улиралд сардаа нүүрс, түлээ, галчийн цалин зэрэгт 2.5 сая төгрөг зарцуулдаг байсан. Харин энэ цахилгаан эх үүсвэртэй уурын халаалттай болсноос хойш халаалтанд сардаа 1.5 сая төгрөгийн зардал гардаг болсон” хэмээн танилцуулав.

Баянгол дүүргийн хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 3200 айлын орон сууцыг ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Дахин төлөвлөлтийн ажил 2015 онд эхэлсэн байна. Энэ оны эхний улиралд 112 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 336 айлын орон сууцны барилгын ажлыг хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. “Өнөөдрийн байдлаар 25 айлын газрыг чөлөөлөөд байна. Эдгээр айлд нийтдээ 49 орон сууц өгөхөөр тохиролцоод ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн чөлөөлөөд байгаа газартаа нийт 500 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байна. Цаашдаа 30 га газрын 400 өрхийн газрыг чөлөөлөөд 3200 айлын орон сууц барина. Айлуудынхаа 80 хувьтай тохирлцсон байгаа” хэмээн “Грийн ресурс” ХХК-ийн захирал С.Уугантуяа ярилаа. Эдгээр барилга ашиглалтад орсноор Баянгол дүүргийн гэр хорооллын нийт айл өрхийн 25 хувь нь тохилог орон сууцаар хангагдах боломж бүрдэх аж.

Ажлын хэсгийнхэн мөн өдөр сайжруулсан шахмал түлшний “MCPT” ХХК-ийн үйлдвэртэй танилцсан. Уг үйлдвэрт аягдал үртэс, зоргодос зэрэгт хушны самрын яс хольж түүхий нүүрснээс 48 дахин бага хорт хий ялгаруулдаг брикет түлш, мөн модны үртэс, хүрэн нүүрсний хагас кокс, техникийн цардуул хольж түүхий нүүрснээс 30 дахин бага хорт хий ялгаруулдаг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг аж.  

Өндөр хөгжилтэй орнуудын өргөн хэрэглээний түлш болсон сайжруулсан түлш нь бүрэн шатаж утаа бага ялгаруулна, удаан шаталттай, асах хугацаа харьцангуй хурдан, хүхрийн агууламж бага зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн захирал Д.Бямбадаш танилцуулж байлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ, Байнгын хороо, дэд хороодоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Өнөөдөр шалны халаалт тавьсан, байшингаа дулаалсан өрх, цахилгаан эх үүсвэртэй уурын халаагуур тавьсан өрхийн барилга зэрэгтэй танилцлаа. Мөн хамгийн сайн шийдэл буюу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй Грийн ресурс компанийн болон сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Урт, дунд, богино хугацаанд утааны асуудлыг шийдэх боломжийг бид бүхэн бүрэн үзлээ. Энэ бүхнийг олон хүнд хүргэж, хэрэгжүүлэх тал дээр иргэд, ААН, төр засаг бүгд нэг зүгт харж, анхаармаар байна” хэмээн ярилаа.

“Төр засаг дорвитой алхам хийвэл утааны асуудлыг шийдэх боломж бий. Айл бүрт онцлог байна. Зарим газарт дэд бүтэц оруулж байхад өөр газарт сайжруулсан зуух, түлш, цахилгаан халаалт зэрэг олон янзын арга байна. Боломж бүрийг айл бүрт хүргэх нь ажлын хэсгийн зорилго. Айл бүрийн онцлогт тааруулж шийдэх боломжийг судалж, хэрэгжүүлбэл богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах боломж байна” хэмээн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл