АЙМГИЙН ХҮҮХДИЙН МИНИ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Нэмэгдсэн: 2013-05-18 15:27:14

АЙМГИЙН ХҮҮХДИЙН МИНИ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завханхангай Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Хүүхэд өсвөр үеийнхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдийн эрх ашигтай холбоотой  асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад тэдний оролцоог дэмжин, эргэн мэдээлдэг  тогтолцоог бий болгох зорилгоор Аймгийн хүүхдийн “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.

Анхдугаар хуралдаанд аймгийн төвөөс бусад сум, сургуулиас тус бүр 1, аймгийн төвийн 5 сургуулиас тус бүр 2, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс 5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөлөл 2, нийт 41 төлөөлөгч сонгогдон оролцлоо. Хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, ахмад багш Ж.Жамъянтив, аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар нар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцож аймгийн хүүхдийн “Мини ИТХ”-ын төлөөлөгч нарт энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Аймгийн хүүхдийн “Мини ИТХ”-ын даргаар ЖЦС-ийн сурагч, АХНЗ-ийн тэргүүн Өнөржаргалын Батцэцэг сонгогдож мөн тэргүүлэгчдээр ЧЭЦС-ийн сурагч П.Бодьсайхан, Э.Солонго, ЖЦС-ийн сурагч Ө.Батцэцэг, Ч.Ууганцэцэг, Бүрэн дунд 3-р сургуулийн сурагч Г.Ариунбилэг, Б.Дорждэрэм, Бүрэн дунд 4-р сургуулийн сурагч С.Шинэ-Од, Дэвшил сургуулийн сурагч Н.Мөнхжин, Алдархаан сумын дунд сургуулийн сурагч М.Дондогдулам нар сонгогдлоо.

Хуралдаанаар гэр бүлд суурилсан хүүхдийн эрх хамгааллын асуудал, хөгжил оролцооны асуудал, хурдан морь унаач хүүхдийн асуудал зэргийг хэлэлцэж үүнд Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар сургуулийн орчин нөхцөл, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор, мөн багш нарын ёс суртахуун, эцэг эхчүүдийн харьцаа хандлагыг өөрчлөх сургалт, нөлөөллийн ажил шаардлагатай байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл боломж дутмаг байгааг хэлж байлаа. Мөн хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр хүүхдийн оролцооны байгууллага болон тэдний оролцох хөгжих боломж нөхцөлийг  томчууд, багш, эцэг эхийн зүгээс дэмждэггүй, хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газар орчин байдаггүй зэрэг, хурдан морь унаач хүүхдийн асуудлаар хэт бага насны хүүхдээр уралдааны морь унуулахгүй байх, өвлийн уралдаан зохион байгуулахгүй байх гэх мэт олон асуудал бэрхшээл байгааг хэлэлцлээ. Ийнхүү хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрт хүүхдийн нүдээр харж тэдний эрх хамгаалал, хөгжил оролцоог хангах шаардлагатай байгааг дурьдаад, томчууд, шийдвэр гаргагчдад хандан “ХҮҮХЭД БИДНИЙ ХЭЛЭХ ҮГ” уриалгыг гаргалаа. Ийнхүү хэлэх ярих, хэлэлцэн шийдвэрлэх олон чухал асуудлыг хөндсөн Аймгийн Хүүхдийн “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын анхдугаар хуралдаан бүтээлч, ажил хэрэгч, санаачлагаар дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Мини ИТХ-ын мэдээллийн ивээн тэтгэгчээр орон нутгийн Бадархундага /”BBS”/ телевиз ажилласан байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл